Өвөрхангай аймгийн хойд захаар Хангайн нуруунд оршдог, 19 сумынх нэг бол Бат-Өлзий юм. Байгалийн үзэсгэлэнт газруудаараа энэ нутаг алдартай бөгөөд Улаанбаатар хотоос баруун урагш 452 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун хойш 100 орчим км зайтай.
Ханбаян уул нь сумын төвөөс баруун зүгтээ 70 орчим км-ийн зайд орших бөгөөд оройн хэсэг нь модоор дүүрсэн цагт Монгол Улс элбэг хангалуун улс болно хэмээн нутгийнхан билигшээдэг. Энэхүү уулын ард Цагаан азаргын ам, баруун талд нь Хөх даваа, зүүн талыг Бодонгийн хамар, өвөр хэсэгт нь Хүйсийн Найман нуур оршино.

Цагаан азаргын нуур Ханбаян уулын ар хормойд бий

Найман нуур, Уянга, Бат-Өлзий сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт далайн түвшнээс дээш 2700-3165 м өргөгдсөн өндөр уулсын дунд галт уулын дэлбэрэлт, газрын текгоник хөдөлгөөнөөс үүссэн тэвшин хэлбэрийн хөндийд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанаа, Шанага, Дөрөө гэсэн хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцгой үзэсгэлэнт газрыг Хүйсийн Найман нуур гэдэг. Мөн энэ хөндийд Баян нуур гэж бий. Сүүлийн үед Шанага нуур ширгэж буй учир Баян нуурыг дээрх наймд оруулж тоолох болсон байна.


Найман нуурын нэг Дөрөө нуур
Үүртийн тохой хэмээх энэхүү байгалийн өвөрмөц тогтоц нь сумын төвөөс зүүн зүгтээ 10 орчим км зайд оршино. Голын тохойд уулнаасаа ундарч буй рашаан бий.

Оготны булан гэх энэхүү үзэсгэлэнт газар Орхоны эхээд байдаг

Даянч ламын агуй болох Төвхөн хийд нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр оршино Энэ хийдэд Өндөр гэгээн Занабазар өөрийн хосгүй бүтээлүүдээ урлаж байсан гэдэг.


Хангайн цагаан хайрхан. Нутгийн ард түмний шүтээн болох энэхүү өвөрмөц хайрхан сумын төвөөс 10 орчим км-ийн зайд Могойтын амын эхэнд бий.

Улаан голын Хүрхрээ буюу бидний нэрлэж заншсанаар Улаан цутгалан, далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар.


Орхон голын Бага цутгалан, боргионы ар шилээрээ гарамтай. Орхон гол үерлэсэн үед энэ гармаар гарахыг хориглодог.


Сэтгэгдэл (2)