Нуугдмал 109 галт зэвсэг илрүүлжээ

ЦЕГ-ын Лицензийн төвөөс “Зэвсэг-2014” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэнээс хойш орон нутгийн хэмжээнд 2576 галт зэвсэг тооллогод хамруулжээ. 100 гаруй галт зэвсгийг гэрчилгээжүүлж, 31-ийг гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, 92 галт зэвсэг хураан, 13 ченжийг бүртгэл хяналтад авч, 109 нуугдмал галт зэвсгийг илрүүлж ажилласан байна. Мөн 32 хийн бууг тоолон  107 зөрчил илрүүлж, хоёр хүнийг 45000 төгрөгөөр торгож, хэвлэл мэдээллийн 57 байгууллагатай хамтран ажиллаж, 2467 санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд 1035 ширхэг галт зэвсэг тооллогод хамрагдан, 20 галт зэвсгийн гэрчилгээ олгож, 14 гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, дөрвөн галт зэвсгийг хураан авч, дөрвөн зөрчил илрүүлж, гурван хүнийг 60000 төгрөгөөр торгожээ. Мөн 1773 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараан, эх сурвалж нь тодорхойгүй хоёр ширхэг галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн хошуу, хонгионы санд дээж өгч ажилласан байна. Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд нь үүргийн дагуу галт зэвсгээ харъяа аймаг, сум, дүүргийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ очиж, харъяа дүүргийн татварын хэлтэст бууны татвараа төлсөн байх шаардлагатай юм. Мөн арга хэмжээний хүрээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа бүртгэлгүй галт зэвсгийг гэрчилгээ олгож, хуулийн дагуу улсын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулж байна. Тиймээс иргэн цагдаагийн байгууллагад хандаж бүртгэлгүй галт зэвсгээ бүртгүүлэх боломжтой. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.