Б.Хэнмэдэх гуай уг нь Увсын хүн. Улаанбаатарт нүүж ирээд хоёр жил болж байгаа. Нутагтаа амьдрах хүсэл байсан ч оюутан хүүхдээ дагаж хотыг зорьсон нь энэ. Бас энд ирээд ажилд орж аятайхан амьдрах хүсэл түүнд байсан. Хэдэн малаа зараад хот бараадсан тэрээр өдгөө хүүхдүүдийнхээ хамт Хайлаастад амьдарч байна. Өөрийн гэсэн орон гэргүй, айлын хашаанд гэр барин суух тэднийх шиг айл Улаанбаатарт олон. Түүнтэй уулзлаа.
-Та хотод ирээд тохижиж чадав уу?
-Өө яахав, оюутан хүүхдэдээ санаа зовохгүй амар л байна. Гэхдээ амьжиргаа бол сайнгүй. Хорооны халамжид бүртгүүлсэн. Сардаа том хүний 10 мянга, хүүхдүүдийн тус бүр 5000 төгрөгийн гээд хүнсний талон авдаг юм. Түүгээрээ л амьдарч байна даа. Манай хороонд хүнсний талоноор амьдардаг 117 айл байдаг юм билээ.
-Нутагтаа амьдарсан бол дээргүй юү?
-Уг нь ч малын зах бараадахад болоод л байдаг юм. Гэвч нэгд оюутан охиноо дагаж ирсэн. Хоёрт, аймагт юм үнэтэй шүү дээ. Хол болохоор тээврийн зардал нь нэмэгдээд хотоос хэд дахин илүү үнэтэй байдаг юм. Бензин л гэхэд 2000 давчихсан. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд тэтгэврийн зээл авчихна. Тэгээд амьдрахад хэцүү болохоор Улаанбаатарт ирсэн дээ. Энд ирээд санасан шигээ ажилд орж чадсангүй ээ. Тэтгэврийн би байтугай нь ажилд орж чаддаггүй бололтой.
Нутгаа орхисон Б.Хэнмэдэх гуай ийн ярьж байв. Харин нутагтаа үлдсэн Т.Батмөнх гуайн хувьд Ховд аймгийн Булган сумын иргэн. Насаараа энэ нутагт мал маллаж амьдарч буй. Амьдралын эрхээр хот хүрээ бараадъя гэж бодож байсан ч хэдэн малаа орхиж чадаагүй гэх. Түүнтэй уулзав.
-Амьдрал ямархуу байна вэ?
-Хүндхэн л байна. Юмны үнэ өсөөд өгдөг хэд маань авдаг хэддээ хүрэхээ байлаа. Хөдөөд ер нь л амьжиргаа тааруу болсон шүү. Тэр тусмаа манайх шиг баруун аймагт юмны үнэ их өндөр. Шатахуун тосноос эхлээд гурил, будаа гээд юм бүхэн л үнэтэй байдаг. Зурагтаар үнэ ханш ийм байна, тийм байна гээд зарладаг. Үнэндээ тэр хямд үнэ чинь хотод л байдаг бололтой. Ховдод бол өөр шүү. Шуудай гурил л гэхэд 30 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ хэдэн малын буян байна аа, байна.
Энэ бол нутагтаа үлдсэн, нүүсэн хоёрын яриа. Улаанбаатарыг зорьсон их нүүдлийн нэгхэн хэсэг нь Б.Хэнмэдэх гуайнх. Бас нүүж мэдэх хэдэн мянган айлын нэг нь Т.Батмөнх гуайнх. Ямар боловч монголчууд нүүсээр байна. Одоогоос 50-хан жилийн өмнө Монгол Улсын хүн амын ердөө 20 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол их нүүдэл үргэлжилсээр энэ тоо 68 хувьд хүрчээ. Хотыг зорьсон энэ их нүүдэл юутай холбоотой вэ. Монгол Улсын ДНБ-ий 60 хувь, нийт хөрөнгө оруулалтын 50 хувь нь хотод хийгдэж байгаа. Энэ нь л төвлөрлийн үндэс болж байгаа юм. Хүн амын 68 хувь нь нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувь дээр чихэлдэн амьдарч байгааг өөр юугаар ч тайлбарлах билээ. Хотод давуу тал байгаа учраас л хот руу нүүдэл үргэлжилсээр байна шүү дээ. Орон нутагтай харьцуулахад харьцангуй хямд үнэ, эмнэлгийн сайн үйлчилгээ, төрийн үйлчилгээ нь ч чирэгдэл багатай. Дээр нь үзвэр үйлчилгээ, дэд бүтэц, зам харгуйг хөдөөтэй харьцуулшгүй. Ийм болохоор хөдөөд дэд бүтэц, хөрөнгө оруулалт, ядаж ижил үнэ санал болгож байж л Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл зогсоно. Үнийн судалгаанаас харахад л баруун хязгаарт бараа бүтээгдэхүүний үнэ Улаанбаатарынхаас үргэлж илүү байдаг аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд ч тэнд хүрч чаддаггүй бололтой. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барьж чадсан, шатахууны үнийг тогтворжуулсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Улаанбаатарт нэг литр нь 1660 төгрөгийн үнэтэй Аи92 автобензин Ховдод 2090 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Төрийн үйлчилгээ ч Улаанбаатараас алсрах тусмаа, зам харгуй бүдгэрэх тусам дагаад мууддаг. Иймээс л хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилсээр байна.
Хот татвартай болох уу, хөдөөд татаас өгөх үү
Хотын агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл, гэр хорооллын тэлэлт, ядуурал зэргийг тоочвол хүн амын төвлөрлийг сааруулах нь зайлшгүй зүйл. Өөрөөр хэлбэл, хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох ёстой. Харин төвлөрлийг сааруулах арга нь юу байж болох вэ. Нийслэлийн удирдлагууд, Сангийн яамны төлөвлөж буйгаар бол Улаанбаатар хот өөрийн гэсэн татвартай болох юм байна. Хотод амьдарсныхаа төлөө, хотын иргэн гэж дуудуулсныхаа төлөө мөнгө төлнө гэсэн үг. Дэлхийн олон оронд ч иймэрхүү хотын татвар байдаг аж. Тэгэхдээ Монголд зохих болов уу. Татвараа төлж чадаж буй иргэдийн хувьд хамаа алга. Тэднээс авч байгаа татвараар нийслэл тулгамдсан асуудлаа шийдээд явж болно. Харин татвар төлж чадахгүй иргэдийг яах вэ. Хотоос хөөх үү. Ядуурлаас гарахын тулд хотод ирсэн хүнийг ядуу гээд хотоос хөөх нь шударга уу. Энэ мэт хүний эрх, халаасны гүн хоёроос хамаарч шийдэгдэх олон үр дагавар байгаа учраас татвар зохихгүй ч байж мэднэ. Ядаж л хотод төрснийхөө төлөө тэр хүн бусдын төлөөгүй татварыг төлөх нь шударга уу. Тал талаас нь ингэж яриад байвал, тойруулж хэлэлцээд явбал хотын татварын сөрөг тал нь эергээ давж мэдэх юм.
Иймээс хөдөөд татаас өгөх хувилбар нь магадгүй илүү үр дүнтэй байж болох. Манай улсын хувьд тийм туршлага, бас уламжлал ч байсан юм билээ. Алслагдсан болон говийн бүс нутгуудад амьдарч буй иргэддээ нэмэгдэл олгодог. Завхан зэрэг цаг уурын хувьд хүнд нөхцөлтэй газруудад хүйтний нэмэгдэл ч гэж олгож байсан аж. Энэ бол нэг хувилбар. Өөрөөр хэлбэл, нутагтаа үлдсэн Т.Батмөнх гуайд нутагтаа үлдсэнийх нь төлөө, алс хязгаарыг эзэнтэй байлгасных нь төлөө тэтгэврийг нь яльгүй нэмж яагаад болохгүй гэж. Тэнд байгаа төрийн албан хаагчид, багш, эмч нарт хөдөөд ажилласных нь төлөө цалинг нь 10 хувиар өсгөж өгч яагаад болохгүй гэж. Энэ бол татвар нэмэх замаар бус татаас өгөх замаар асуудлыг шийдэх хувилбар. Гэвч бодит байдал дээр энэ хувилбарыг эрчимжүүлэх эрх зүйн орчин нь алга. Түрүүчийн парламентын үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт Бүсийн нэмэгдэл олгох тухай тогтоолын төсөл санаачилж оруулсан нь буцсаныг эс тооцвол хуулийн зохицуулалт, санаачилга алга. Харин улстөрчдийн амласан зүйл, ажил хэрэг болгоно гэж сонгогдсон зүйл бол олон бий. Эрх баригч АН-ын хувьд 2012 оны сонгуулиар "Хот суурингаас хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажиллагсдыг дэмжих зэрэг ажлыг зохион байгуулна", сөрөг хүчин МАН-ынхан "Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Цахилгаан, дулаан, эрчим хүч болон нефть бүтээгдэхүүний үнийг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт нэг төвшинд байлгах бодлого хэрэгжүүлнэ" гэж амлаж байжээ. Хэрэв энэ бүх амлалтаа ажил болгоод, амьжиргаанд нь бага ч болов дэмжлэг үзүүлбэл нутагтаа үлдсэн нь нүүснээсээ олон болох биз ээ.
Ч.Гангэрэл
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин