Улаанбаатар хотноо “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган" эхэллээ. Уг чуулган нь хувийн хэвшил хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэдэг юм. Манай улсын хувьд хувийн хэвшил бий болоод 20 гаруй жил өнгөрч байгаа ч гарааны бизнесүүдийг бүртгэлжүүлж, албан ёсны болгосноор эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэх боломжтой гэдгийг чуулганд оролцогчид хэлж байна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 77 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа гэсэн тооцоо бий. Ялангуяа нэг салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чухал нөлөөтэй. Статистик үзүүлэлтүүдээс харахад бодлогоор дэмжсэн орчинд гарааны бизнес эрхлэгчдийн 75-80 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3-5 жилийн дараа тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь батлагджээ. Харин бодлогын дэмжлэг байхгүй бол 90 хувь нь нэг жилийн дараа дампуурдаг байна. Энэ утгаараа цаашид бие даасан бизнес эрхлэлтийг хөгжүүлэхэд чиглэсэн Төрийн бодлого, хууль эрх зүйг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг сайжруулах, хөрөнгө санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх арга замыг хайхад чухал байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнесийг санхүүжүүлэхэд тусламж, татаас олгохоос илүүтэй зээлээр санхүүжүүлэх нь тохиромжтой байдаг ажээ. Мөн судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар энтрепренерийн таатай орчин-экосистемийг бий болгохыг зорьж байгаа юм байна.
Эх сурвалж: www.bloombergtv.mn