Ард түмний чихэнд хамгийн танил Г.Хайдав

“Улсын хэвлэх үйлдвэрийн өрөх цехээс урлагт хоёр том хүн тодорсон гэдэг юм. Түүний нэг нь Хайдав” хэмээн Д.Хатанбаатар гуай “Онгодын гэгээн өргөөнд” номын хуудаснаа мөнхөлжээ. Маргаангүй Гонгорын Хайдав хэмээх энэ нэрийг Монголын урлаг төдийгүй ард түмэн хайрладаг билээ. Дурдан бүс, дугариг шляпатай, үсээ гялалзтал самнаж, хөлөө ачиж суусан түүнийг 90 нас давсан хүн гэхэд итгэмгүй.  Өдгөө буурал суусан ч ануухан харагдах тэрбээр “багш” хэмээн хүндлэх олон шавь нарынхаа төдийгүй Эх орондоо ч  анхны  Дуурийн гоцлол дуучин нь юм. Балагтай дурсамжууд түүний амьдралд олон байх хэдий ч бага балчирт нь лам болгох дөхсөн нэгэн яриа ч бий. Энэ явдлыг эрс эсэргүүцсэн хүн бол түүний аав Гонгор гуай байсан гэдэг. “Хүүгээ хот бараадуулж соёлын мөр хөөлгөх хүсэл аавд минь байсан юм. Аав минь л намайг зөв замд хөтөлсөн” гэж  хожим тэрбээр хуучилсан нь бий. Дэлгэрхангайн бяцхан хүүг араганд суулгаад, тэмээн жингийн нүүдэл хотыг зорьсон  үе нь энэ замын эхлэл байв. Хөдөөний жаал Хайдав хотын хүү болж Улаанбаатар хотын үлгэр жишээ гэгддэг гуравдугаар бага сургуулийн дүнзэн байшингийн хаалгыг татав. Энд л Хайдав хүүгийн авьяас олон талаар тодорсон гэдэг. Тэрбээр уран зургийн дугуйлангийн сурагч явсан төдийгүй, биеийн тамирын бүлгэмд хамрагдахаас гадна, үлээвэр хөгжимчдийн дунд сууж нарийн бүрээ үлээдэг болжээ. Тухайн үед Оросын алдарт дуучин Сергей Лемешевийн ганц пянзыг байнга л сонсож, дагаж дуулдаг хүү байсан нь мөн л бусдаас ялгаруулж байсан гэлцдэг. Тун удалгүй сургуулиа дүүргэсэн Хайдав хүү Улсын хэвлэх үйлдвэрийн халуун цехэд тугалган үсэг өрөгчөөр ажиллаж эхэлсэн нь түүний анхны ажлын гараа байжээ. Энэ л үед баянхуураар гайхалтай нааддаг мэргэжилтэн Андрей Логинов хэмээх хүн тааралдсан нь түүний амьдралыг ихээхэн өөрчилж уран бүтээлчдийн өрөөнд аваачсан гэдэг. Гэтэл Хайдав хүүгийн адил хүсэл нэг хөтлөгдсөн хийгээд тос болсон огтор хүрэмтэй биерхүү буриад хөвгүүнтэй таарч нэг дор суух болсон нь алс нь ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар болох хувьтай Цэвэгжавын Пүрэвдорж гуай байсан аж. Дөчин долоон оны хавар уран сайханчдын улсын уралдаан зарлагдаж Хайдав хүү Тэргүүн байр эзэлсэн хувь тохиожээ. Тэргүүн байрын шагнал мянга таван зуун төгрөг авч хөл нь газар хүрэхгүй гэдгээр л баярлаж байсан гэдэг юм. Энэ явдлаас урлагийн томчууд ч түүнийг анхаараад авсан хэрэг. Урлагт хайртай хүү “Улсын театрт ажилд орьё” гэж өргөдөл гаргаж үзсэн ч хатуухан даргатай байсан “Хаашаа ч чамайг явуулахгүй” гээд халгаагаагүй юмсанж. Харин дөчин найман оны намар нь үйлдвэрийн захиргаа зөвлөлтөд хэвлэлийн дээд сургуульд явуулахаар болжээ. Тэр үед гудамжинд явж байгаад Гончигсумлаатай тааралдахад “Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцаж байгаа тухайгаа хэлж, сургуулиа магтсаар гал дээр тос хийнэ гэгч болжээ. Ингээд л дуу хөгжмийн дээд сургуульд оролцоно гэсэн итгэл өвөрлөж хэвлэлийн дээд сургууль бараадах нэрээр зөвлөлтийг зорьсон нь дуурийн гоцлол дуучин хэмээх,  дуучин Хайдавыг төрүүлсэн байна. Түүнийг эх орондоо ирэхэд дуурийн дуучин гэдэг орон тоо театрт байгаагүй ч Жаран гурван онд театр дуурь бүжгийн гэх албан ёсны хаягтай болж түүний багшлах эхлэл тавигджээ. Ингэж  л дэлхийн сонгодог дуурийн тайзан дээр Монгол гэсэн нэрийг дуудуулах олон сайн дуучид төрөн гарахын эхлэл тавигдсан юм. Өдгөө  түүний шавь хэмээн нэрлэгдэж, хийж бүтээснийг дагаж, сурч боловсрох нь ихээс их хувь зохиол буюу. Ард түмний чихэнд хамгийн танил Хайдав хэмээх энэ агуу хүмүүний дуулах дуун үеийн үед даган дуулагдсаар байх билээ.

 

                                                                                                                                Г.Нэргүй

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.