
Сүүлийн хэд хоног айл гэр, аж ахуйн нэгж, албан байгууллага, нийтийн унаа, такси гээд хаана л бол хаана иргэд улстөржих боллоо. Засгийн газар “унаад”, дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гээд эрх баригчдын дунд ид бужигнаан, маргаан, мэтгэлцээн өрнөж байхад үүнийг сонирхохгүй гээд ч үнэндээ яахав. Гэвч бид бас нэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Юу вэ гэвэл бидний өдөр тутмын хэрэглээ болох хүнсний аюулгүй байдал хэрхэн шаардлага хангаж байна вэ, гэдэг асуулт анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, “Цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордлоо”, “Хүүхдүүд гэдэсний цусан суулгаар өвчиллөө”, “Чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байна” гэх мэтчилэн мэдээлэл улс төрийн асуудлаас дутахааргүй гарч байна. Тухайлбал, саяхан Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн 50 гаруй хүүхэд хүнсний зүйлсээс хордсон мэдээ бий. Тэдний 10 гаруй нь одоогоор эмнэлгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн сард НМХГ-аас есөн дүүргийн төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнс нийлүүлдэг нийслэлийн өмчит байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтаар цэцэрлэг, ясли, эмнэлэгт хүнс нийлүүлдэг байгууллагууд бүгд түрээсийн, зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, тээвэрлэлт хийж буй машинууд нь ч зориулалтын бус байгаа нь тогтоогдсон байна. Энэ мэтчилэн эрсдэлтэй бүтээгдэхүүн тээвэрлэж, цэцэрлэгүүдэд нийлүүлснээр таны хүүхдийн эрүүл мэндэд аюул, заналхийлэл учруулсаар байна. Түүнчлэн манай улсад элэгний вируст гепатит, томоо, томуун төст өвчин газар авсаар... Гэвч эрхэм дээдсүүд улстөржиж, сандал ширээ булаалдсаар л... Иргрэд чанаргүй бүтээгдэхүүн худалдан авч өвчлөхийг хүсдэггүй ч олонхи нь тухайн бүтээгдэхүүний хугацаа шошгийг төлийлөн анзаардаггүй. Энэ сэдэв өдөр тутам хөндөгдөж байгаа нь хүний эрүүл мэндийн асуудал, цаашлаад улс орны аюулгүй байдалд ч хамаарах ёстой. Харамсалтай нь өнөөдөр меламинтай сүү, өттэй гурил, хорхойтой будаа, цианиттай хүнсний ногоо, чанарын шаардлага хангаагүй жимс жимсгэнийг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэсээр байгаа нь нууц биш. Ерөнхийдөө манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг гаднаас авдаг. Тэр тусмаа урд хөрш болох хятадаас гэж байгаа. Чанарын шаардлага хангахгүй, хадгалалтын хугацаа нь дууссан, элдэв химийн хортой, генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд урд хөршөөс чингэлэг чингэлэгээрээ ирсээр. Гэвч үүний чанар, эрүүл аюулгүй байдалд бүрэн хяналт хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Бүрэн хяналт хийж чаддаггүй учраас л орж ирсэн хойноо хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох. Нөгөө талаар чанарын стандарт хангаж орж ирчихээд хадгалалтын горим алдагдсанаас үүдэн муу үр дагавар бий болгодог. Гэвч өнөөдрийг хүртэл хяналтын зүгээс ч тэр, худалдаа эрхлэгчдийн зүгээс ч тэр заавар зөвлөмжөө дагадаггүй гэхэд болно. Нөгөө талаар хэрэглэгчдэд хүрч буй бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд анхаарахад төр ямар нэг зохицуулалт хийдэггүй. Уг нь иргэдэд чанартай бараа бүтээгдэхүүн хүрэхэд хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн худалдаагаар дамжуулж үндэсний эдийн засгийг хамгаалах нь чухал гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэсэн ч одоогийн байдлаар худалдаа чөлөөт хэлбэртэй байгаа учраас Олон улсын худалдааны байгууллагын дэлхийн улс орнуудад үзүүлдэг хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж чаддаггүй аж. Энэ мэт олон хүндрэл бэрхшээл дунд баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл мэндээ хэдий болтол хохироож тэгсэн хэр нь хэт их улстөржсөөр байх вэ.
М.Нар