Өчигдөр гарч шагшигдсан дуу өнөөдөр мартагдах болсон энэ үед аль гуч, дөч, тавиад онд зохиогдсон дуу хөгжим нь сэтгэл зүрхийг эзэмдэн дуурссаар байгаа хөгжмийн зохиолч олонсон бил үү... Өглөө бүр сэрхэд, орой бүр амархад чихэнд ирж, сэтгэл дүүргэхдээ “Эх орон” хэмээхийн сайхныг дэлхийн хаанаас ч амтлуулж байдаг “Төрийн дуулал”-ын зохиогч явна гэдэг ховорхон хувь заяа билээ. Энэ замын эзэн төдийгүй, энгэртээ төрийн шагналыг хоёр удаа хүртэх хувьтай явсан хүн Л.Мөрдорж гуай юм. Лут гэхэд хэн ч суудлыг нь үл булаалдах энэ хүмүүн хөгжмийн урлагийн хэний ч үл хүрч чадах оргилд нэгэнт гарчээ. Монголын хөгжмийн ертөнцийн “Их Хаан” хэмээвээс агуу их авьяасд нь нийцэх “Зууны манлай Хөгжмийн зохиолч, МУАЖ, Төрийн хоёр удаагийн шагнал”-т энэ хүмүүний амьдрал мөн л эгэл бороос эхэлнэ. Сонин хэвлэл, ном зохиолд намтар түүхэнд нь холбоотой он, сар, нутаг газрынх нь талаар олон янз бичдэг ч өөрийнх нь ярьсан үнэн гэлцдэг билээ. Түүнийг 1919 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт эхээс мэндэлсэн гэдэг. Агуу их Мөрдорж гуайг хүрээнд шавилан сууж хоёр хацар, хонгоны махаа зулгаалгаснаас өөр дурсах юмаар хомсхон явсан гэдэг яриа бага насыг нь тодорхойлоод өгнө. Оргоё гэж эрт санасан нь түүний хувьд олзуурхмаар зүйл байжээ. Тэр дороо л оргочихсон гэдэг. Тэр үедээ хотод ирж бага сургуулийн хаалга татсан нь түүний амьдралыг өөрчилсөн явдал байв. Цэргийн төв клуб, театраас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн тэрбээр 1934 онд Төв театрт хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин Түдэв, Ишдулам нараар хуучир заалган сурчээ. Харин 1936 онд цэргийн албан дорж, 1937 онд Цэргийн театрт жүжигчин-хөгжимчин, 1939 онд хөгжмийн удирдаач, 1941 онд Цэргийн дуу бүжгийн чуулга болоход анхны даргаар нь томилогдон ажилласан байна. Нэгэн дурсамж сөхвөл 1936 он буюу Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор “Улсын хөгжимчдийн анхдугаар уралдаан”-д Цэргийн театраас 17 настай байлдагч цолтой бор хүү хуучир хөгжмөөр гайхамшигтай тоглож, “Улсын алдарт хөгжимчин” цолыг хүртэж явжээ. Тухайн үед буюу 1930 оны сүүлч, 1940 оны эхэн үед нийтийн дууны төрөлд цэрэг эх орны сэдэвтэй, дайчин цоглог, маршийн хэмнэлтэй дуунууд зонхилж байв. Энэ үед Цэргийн театр, чуулгад ажиллаж уран бүтээлийнхэ гарааг амжилттай эхэлж байсан Л.Мөрдорж цэрэг, эх орны сэдэвтэй "Түүхт хил", "Байлдагч суман", "Хилийн цэрэг", "Нисэгч", "Цэрэгт мордоё", "Эх орон" зэрэг олон арван дуу зохиож ард түмэн, армийн дайчдын дунд нэр нь алдаршиж эхэлжээ. Тэрбээр эд цэцэглэлтийн үедээ Монголын шилдэг яруу найрагчид, зохиолчид Д.Сэнгээ,Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ю.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимид, Ц.Гайтав, З.Пунцаг, Ч.Лхамсүрэн, М.Цэрэндорж нартай хамтран хоёр зуу гаруй дуу бүтээсэн гавьяатай юм. Тэгээд ч ер нь Төрийн дуулал зохиоход оролцоно гэдэг том завшаан билээ. Лха.Дорж, Дамдинсүрэн, Намсрайжав гээд олон хүн л оролцсон гэдэг. Л.Мөрдорж гуай энэ тухай ярихдаа “Тэр үед бүгд нууц нэртэй. Би хүртэл “Бор шувуу” нэртэй явлаа. Нам засгийн удирдагчид хотын намын хорооны байшинд жилд нэг юм уу, хоёр удаа л ирж сонсоно. Тэгээд болоогүй байна гээд л явцгаана. Тэгтэл нэг өдөр циркд байж байтал, Дамдинсүрэн яваад ирлээ. Хэрэв чамайг зөвшөөрвөл чиний зохиосон аялгууны төгсгөл миний эхлэл хоёрыг нийлүүлээд үзвэл болмоор юм гэж байна. Улс төрийн товчоо л ингэж шийдсэн юм байх гэнэ. Би ч татгалзсангүй. Ингээд л төрийн дууллын аялгуутай болсон түүхтэй” хэмээсэн нь үлджээ. Ер нь “Эх орон” гэдэг үгэнд тун их сүжиг бишрэлтэй ханддаг хүн байж дээ гэхэд болох аж. Түүний “Эх орон” симфони, Мөнгөн хүрхрээн чимээ, Цэнгэлийн эгшиг найраглал, ёочинд зориулсан “хаврын шувуу хэмээх гоцлол зэрэг яруу тансаг аялгуутай, найрал хөгжим нь дуу хуурын тайзнаа олон жил дуурсагджээ. Эгэл даруу хирнээ, илүү дутуу зүйлийн сонирхол гэж ер үгүйд нь бүр нэг хачирхмаар гэлцсэн бусдын яриа ч түүний тухай сонирхолд хөтөлнө. Хожим хойно ч дурсагдах энэ их хүмүүн ирж яваа үеийнхний өмнө сайн үгээр хэлүүлж, сайхныг ерөөлгөх хувьтай билээ.
Г.Нэргүй
Сэтгэгдэл (2)