“Орон тооны цомхотголыг бүх салбарт хийх ёстой” гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийж энэ талаарх мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг өглөө.  Эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ирэх оны төсвийн төслийг голчлон хэлэлцсэн байна.  Ингэхдээ төсвийг хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ.  Эдийн засагт хямралын байдал ажиглагдаж, тодорхой хүндрэл харагдаж байгаа учраас ирэх оны төсөв хэмнэлтийнх байх ёстой гэсэн шийдэлд хүрсэн байна.  Тодруулбал, нэгдүгээрт, Боловсролын яам, Эрүүл мэндийн яамнаас бусад яамны урсгал зардлыг 30 хувиар хэмнэх ёстой, мөн дээрх салбараас бусад бүх салбарт орон тооны цомхтголыг 10 хувиар хийх ёстой гэж үзжээ.  Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч нарын өөрт нь байдаг төсөвт 50 хувийн хэмнэлт хийх ёстой гэх санал гарсан байна.  Ингэхдээ тоног төхөөрөмж, гадаад томилолтын зардлыг хасах ёстой гэж үзсэн байна.  Мөн Засгийн газрын 41 сан ажилладаг. Тэдний есөн санг татан буулгах юм уу, өөрчлөн зохион байгуулах боломжтой гэж харж байгаа аж. 2013-2014 онуудад царцаасан барилга, обьектүүдийг ямар нэгэн байдлаар эх үүсвэртэй болгож, ажлыг ирэх онд эхлүүлэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.