JCI Монгол байгууллага, Хотын захиргаатай хамтран замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц, шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форумыг энэ сарын 14-ний өдөр зохион байгулах гэж байгаа ажээ. Энэ талаар JCI Монгол байгууллагын төлөөлөгч Л.Баттөмөр, Нийслэлийн Тээврийн газрын дэд дарга О.Түшиг, ЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, МҮХАҮТ-ын Гишүүнчлэл, олон нитйтэй харилцах хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг нар өнөөдөр мэдээлэл өглөө. Хамтарсан форумд төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцох бөгөөд бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэнэ гэдгийг зохион байгуулагч нар онцолсон юм. Иргэд тухайн сэдвээр өөрийн саналаа илэрхийлэхийг хүсвэл 14-ний өдөр хүртэл www.ikon.mn сайт болон Улаанбаатар лавлах 1800-1900 дугаарт хандах боломжтой гэнэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөний ачааллыг бууруулахад зөвхөн зам шинээр барих, өргөтгөх, шинэчлэх биш бодлогын түвшинд иргэдийн оролцоотой шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн удирддаг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд дээр иргэд болон судлаач нараас санал авч, хэлэлцүүлэх юм байна.
М.Өлзий