“Алтангадас”-аас дараагийн Ерөнхий сайд тодрох нь

АН-ын ҮЗХ энэ долоо хоногт дахин хуралдаж Ерөнхий сайд хэн байх эсэхийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхий сайд хэн байх, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, ямар нам эвсэлтэй хамтрах вэ гэдгийг дахин ярилцаж ҮЗХ-гоор батламжлах юм. Хуулиараа бол эрх баригчид дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлж, байгуулах учиртай. Намын дүрмээр бол Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намын дарга санал болгодог. Тэгэхээр АН-ын даргын албыг хашиж буй эрхэм Н.Алтанхуягийн Ерөнхий сайдад санал болгосон хүнийг ҮЗХ-гоор батламжлана гэсэн үг.  Түүний хувьд фракциасаа дараагийн хүнийг гаргаж ирэх нь тодорхой. Ингэх нь түүний байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааг цаашид үргэлжлэх боломж бүрдэх юм. “Алтангадас” фракциас дараагийн Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, С.Баярцогт нар яригдаж байгаа. Тэгэхээр удахгүй хуралдах ҮЗХ энэ гурван эрхмийн аль нэгийг нь батламжилж таарах нь. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн АН-ын дарга хэвээрээ байх эсэх асуудлыг ирэх сард хуралдах намын Их хурлаар авч хэлэлцэхээр болсон. Мэдээж АН-ын дүрэмд ч тэр, Улстөрийн намуудын тухай хуулиар ч тэр эрх баригч намын дарга Ерөнхий сайд байх ёстой. Тэгэхээр Н.Алтанхуяг өөрийнхөө байр суурийг удахгүй дараагийн намын дарга, Ерөнхий сайдад тавьж өгөх болж байгаа юм.  

 Өнгөрсөн баасан, бямба гарагт хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаар тодорхой шийдвэр, томоохон дүгнэлт гарна гэсэн  хүлээлт нийгэмд байсан. Харин хурлын үр дүнд найман гишүүнээ намдаа үлдээсэн, мөн МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгосон, намын Их Хурлын тов зарласан гээд ойр зуурын нам доторх хэрүүлээс өөр даацтай хурал болж чадсангүй гэх шүүмжлэл байна.

                                                                                                                             Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.