АН-ын ҮЗХ хоёр өдөр хаалттай хуралдсаны эцэст гурван шийдвэр гаргасан байна. Эхнийх нь Ерөнхий сайдыг огцруулсан найман гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал байв. Ерөнхийлөгчийг суудлаасаа буусан даруй АН-ын Хяналтын шуурхай хуралдаж Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Р.Бурмаа, Д.Батцогт, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намын гишүүнээс хасах тухай тогтоол баталсан юм. Уг тогтоол ҮЗХ-гоор хэлэлцэгдэн баталгаажих учиртай. Ингээд найман гишүүнийг намаас хасах асуудлыг өчигдөр хэлэлцэж эхлэхэд дээрх нэр бүхий гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэд “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу санал хураалтад оролцсоны төлөө намаас хөөх шийдвэрийг яаран гаргаснаас харахад АН-ын Хяналтын ерөнхий хороо нь хэн нэгэн хүний шууд үүрэг даалгавраар ажилласан байна. Тиймээс энэ бол АН-ын дүрмийг зөрчсөн үйлдэл” гэдгийг хэлжээ. Ингээд санал хураалтаар Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг 100 хувь дэмжээгүй аж.

Дараагийн шийдвэр нь өнгөрсөн сарын 18-нд АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээтэй холбоотой байв. АН-ын гишүүд Н.Алтанхуяг уг гэрээг байгуулснаараа “УИХ-ын сонгуулиар АН-ыг Н.Энхбаярын өмнө үүрэг хүлээхээр байдалтай нөхцлүүд тусгасан, Үндсэн хууль зөрчсөн зүйл заалттай гэрээ” гэж үзэн хатуу шүүмжилж байсан юм. ҮЗХ-ны хуралдаанаар МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах чиглэлийг Н.Алтанхуягт өгсөн Гүйцэтгэх зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 28-ны 03 тоот тогтоол болон АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын 2014 оны аравдугаар сарын 18-нд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгохыг ҮЗХ-ны гишүүд мөн 100 хувь дэмжсэн байна. Гэхдээ ҮЗХ-ны гишүүд “Онц ноцтой гэрээг хүчингүй болгосон ч үйлдсэн хүнтэй нь хариуцлага тооцсонгүй” гэдгээ ч илэрхийлсэн аж.

Ингээд сүүлийн шийдвэр нь намынхаа Их хурлыг ирэх сард хуралдуулах томоохон шийдвэр гаргасан бөгөөд Их хурлаар Н.Алтанхуягийг намын даргаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Харин дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай асуудал ирэх долоо хоногт шийдвэрлэгдэхгүй бололтой. Уг асуудлыг ҮЗХ ирэх долоо хоногт дахин хуралдаж шийдвэрлэх юм.


