Өчигдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад нэг, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.3, үхрийн ястай махны үнэ 0.5, үхрийн цул махны үнэ нэг, адууны махны үнэ 1.9, ямааны махны үнэ 5.5 хувиар тус тус буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 1.5, үхрийн ястай махны үнэ 1.6, ямааных 4.7 хувиар буурсан бол үхэр, адууны цул махны үнэ өөрчлөлтгүй байлаа. Тодруулбал, хонины /ястай/ нэг кг мах дунджаар 5850, үхрийн /ястай/ мах 7510, үхрийн цул 9585, адууных 5390, ямааных 5015 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнэ: Өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9, I зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөгдсөнгүй. Харин элсэн чихрийн үнэ 6.5 хувиар буурсан байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.1, луувангийн үнэ 0.9 хувиар буурч, байцааны үнэ 4.2, манжингийн үнэ 4.3, сонгины үнэ 1.3 хувиар тус тус өсчээ. Өмнөх долоо хоногийнхоос байцааны үнэ 5.3 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /нэг литрийн/ сүүний үнэ 1.3, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9, задгай сүүний үнэ 12.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос савласан /нэг литрийн/ сүүний үнэ 1.5, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа. Харни ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ 3.0 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өөрчлөлтгүй байлаа.
М.Бат