АН-ын ҮЗХ өчигдөр 18:00-00:00 цаг хүртэл Төрийн ордонд хаалттай хуралдсан боловч ярилцаж буй асуудлууд дээр санал нэгдээгүй бололтой. Ямартаа ч хурал өнөөдөр үргэлжилж байна. Ерөнхийдөө АН-ын зарим гишүүдийн өгч байгаа мэдээллээр АН-ын даргын асуудал яригдахгүй гэнэ. Үүнээс гадна Нийслэлийн АН-аас АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гарын үсэг зурсан хамтарсан гэрээг хүчин болгох асуудлыг ҮЗХ-д тавина гэдгээ илэрхийлсэн. Өчигдөр хуралдааны эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж, хурлыг дээрх хоёр дарга болон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь удирдан явуулж байсан ч гишүүдийн саналаар хурлын удирдагчдыг өөрчлөхөөр болж, нилээн ширүүн маргаан өрнөсөн байна. Ийнхүү Тооллогын комисс байгуулан, санал хурааснаар хурлын тэргүүлэгчдийг өөрчлөхөөр болж, Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосноор ҮЗХ-ны хурал өндөрлөсөн юм.
Харин өнөөдөр хурал нэлээд ширүүхэн өрнөх төлөвтэй. Хамгийн гол нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудал юм. Энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн АН, МоАх, “Шонхор” фракцийнхан хуралдсан. Хурлын үр дүн нь ҮЗХ-д олонхи болох байсан бололтой. Хэрэв тэд “Алтангадас”-ынхнаас олонхи байж дундаасаа өөрийн нэр дэвшигчийг гаргаж ирж чадвал “Алтангадас”-аас нэр дэвшихээр сонсогдож буй Ч.Сайханбилэгийн хувьд Ерөнхий сайд болох боломжгүй болно.
Ц.Цэц