Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Туяа өвөлжилт, хаваржилтийн цаг агаарын урьдчилсан төлөв болон бэлэн байдлын талаар мэдээлэл хийлээ. Арванхоёр болон нэгдүгээр сард хүйтний эрч төдийлөн чангарахгүй ч цас их орохоор байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод аймагт орсон цасны зузаан 1-11 см байгаа бөгөөд бусад аймагт цас ороогүй байгаа гэнэ. Тиймээс өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг тэрбээр онцоллоо. Тухайлбал, төв, суурин газраас алслагдсан айл, өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулсан зөвлөмж зөвлөгөөг /хоол хүнс, дулаан хувцас, эм тариа, түлш, өвс тэжээлийн нөөцтэй байх/ хүргэхээр болсон байна. Мөн төв, суурин газрын эрчим хүч, ус, дулаан хангамжийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэл ажилд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран үзлэг шалгалт зохион байгуулах аж. Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймаг, сумын отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах ажлыг цас орж цасан бүрхүүл тогтох, автозам даваа хаагдах, хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах шаардлагатай гэсэн юм. ОБЕГ-аас дээрх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй хамтран улсын чанартай автозам, даваанд ажилладаг “Шуурхай ажлын хэсэг”-ийн байршлын мэдээ, автозам, давааны нөхцөл байдал хүндэрдэг 14 аймгийн 89 сумын судалгааг гаргасан байна.
М.Бат