ХӨСҮТ Эбола вирусээс урьдчилан сэргийлж бэлтгэлээ хангасан байна

Дэлхий дахинд төдийгүй улс орон даяар Эбола вируст халдварын эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт У өчигдөр дагалдан ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон албаны бусад хүмүүсийн хамт ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөгөөд ажилтан бүрт хоёр ээлжийн халдвар хамгааллын хувцас, мөн ариутгагч эмч, жолооч нарын бэлэн байдлын иж бүрдлийг бэлтгэсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах Хүлээн авахын 10 өрөөг тохижуулснаас гадна тусгаарлах 50 ортой тасгийг ч хэдийнэ зэхсэн аж. Бэлэн байдалд ажиллах тус бүртээ 12 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг бэлтгэсэн бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг хүлээн авах, оношилгоо, эмчилгээ хийх заавар журмыг боловсруулан гаргаж, ашиглахад бэлэн болгосон талаараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг танилцуулжээ. Мөн тэрээр, “Манай Хүлээн авах тасагт дандаа залуу эмч нар ажиллаж байна. Эд нарыгаа сургах талд голлон ажиллаж байгаа. Зөвхөн Эбола ч гэлтгүй бусад халдварт өвчний үед хамгийн эрсдэлтэй хүмүүс бол эмч нар байдаг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих, хамгаалалтын хувцсыг яаж зөв өмсөх, халдварт өвчний үед өвчтөнтэй хэрхэн харьцах зэрэг бүхий л төрлийн сургалтыг тогтмол хийж байна. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмж болон бидэнд байгаагаас илүү сайн чанарын хамгаалалтын хувцас хэрэглэл зэрэг зүйлс дутагдалтай байгаа. Зарим зүйлийг шинэчлэх хэрэгтэй учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ хүргүүлсэн” гэв. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт У “Монгол Улсад Эбола вируст халдвар орж ирэхгүй байх магадлал өндөр ч бэлэн байдлыг хангаж ажиллах нь юу юунаас илүү чухал. Өөрсдийн нөөц бололцооныхоо хэрээр бэлэн байдлаа сайн хангаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Удахгүй ДЭМБ-ын зөвлөх ирэх учраас залуу эмч нар дасгал, сургуулилтаас илүү ихийг сурах боломжтой болох юм. Сургалтыг сайн хийх нь дан ганц Эбола вируст халдварын үед ч биш бусад шинэ облон сэргэж буй халдварт өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлаа хангаж ажиллахад чухал ач холбогдолтой. ДЭМБ-ын зүгээс эмч, мэргэжилтнүүдийг гадны улс орнуудад туршлага судлах сургалтад оролцуулах талд анхаарч ажиллана гэдгээ хэлмээр байна. Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг бид бүс рүүгээ илгээнэ” гэжээ. Ямартаа ч манай улсад Эбола вирус орж ирлээ гэмээнэ ХӨСҮТ бэлэн байдлаа бүрэн хангаад байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.