“Neхus” төслийн хүрээнд Ховд аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг дулаалахаар болжээ

Улаанбаатар хотноо болж буй Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын “Nexus” төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурал өндөрлөлөө. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжинд орон нутгийн хөгжлийн сан, Германы олон улсын хамтын ажиллагааны төслийн 50:50 хувийн санхүүжилтээр Ховд аймагт 6-7 цэцэрлэг, сургууль, эмнэлэг, кино театр дулаалахаар болсон байна. Гурван өдөр үргэлжилсэн уг хуралдаанаар  ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, Нийгмийн хороо /UN ESCAP/-ноос 2013-2015 онд Ази, Номхон далайн бүсийн зургаан орны /Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол/ 10 хотод хэрэгжүүлэх төслийг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцож, хэлэлцүүллээ. Тус төсөлд  Улаанбаатар хот 2013 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч-ус-хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатай, цогцоор нь төлөвлөж, удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар  хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм байна. Энэ удаагийн “Nexus” төслийн ээлжит хуралдааныг бүс нутгийн оролцогчид зохион байгуулалттай, үр дүнтэй болсныг онцлоод  Монгол Улсад төслийн хүрээнд олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.