Ам.долларын ханшийг Оюутолгойд даатгаснаар 1750-д барьж чадах уу

Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар тооцоод байгаа. Ингэхдээ макро эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын хүлээлт болон Оюутолгойн хоёр дахь шатны үйлдвэрлэл эхлэх гэх зэргийг тооцсоноор ханшийн тоог гаргасан гэдгийг эрх баригчид хэлсэн. Тодруулбал, ирэх онд “Чингис”  бондын хөрөнгийг дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтад зарцуулах буюу импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төсөл, барилгын материалыг дотоодод үйлдвэрлэх зэрэг ажлыг төрөөс төлөвлөжээ. Мөн Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирснээр валютын урсгал нэмэгдэх гэнэ. Ингэснээр  валютын ханш энэ оных шиг тэнгэрт хадахгүй гэдгийг эрх баригчид хэлсэн. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэхгүй байхыг Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд найдаж байгаа аж. Түүнчлэн улсын нийт өрийг ДНБ-ий 70 хувьд байхаар тооцсон байх аж. Өнгөрсөн жил Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар 60 хувьд хүргэх гэж нэлээд гүрийсэн нь бий. Уг нь Төсвийн тухай хуульд улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолгүй, бусдын хараат байдаг манай улсын хувьд тийм ч бага биш тоо гэдгийг сөрөг хүчний зүгээс хэлсээр байгаа. Харамсалтай нь одоогоор бодит байдалд улсын нийт өрийн ДНБ-ий 70 хувьд аль хэдийнэ хүрээд буй аж. Тиймээс л эрх баригчид энэ байдалдаа цаашид дасан зохицохын тулд ирэх жилийнхээ төсөвт “70 хувь” гэж тусгаад байгаа бололтой. Хуульд зааснаар бол энэ сарын 15-ны дотор ирэх оныхоо төсөвийг бүрэн хэлэлцэж батлах учиртай. Гэвч Засгийн газар унаснаар эрх баригчдын дунд юуных нь ирэх жилийн төсөв манатай юм болж байна. Ерөнхий сайдын зөөлөн сэнтийд хэн тухлах вэ гэсэн өрсөлдөөн, мэтгэлцээн, хуувилдаан АН-ын гишүүд, фракциудын дунд ширүүхэн өрнөх боллоо. Үүнийг харсан иргэд “АН-ынхан ард түмний бус албан тушаалын төлөө засгийн эрхэнд гарсан бололтой” гэх аж. Иргэд ингэж гомдох нь арга ч үгүй биз. Үнэндээ хоногийг нь тулгаж байгаад л эрсдэлтэй төсөв батлах нь гарцаагүй боллоо. Тэгээд ч эрх баричдад өөрсдөд нь л ашигтай байвал бусад нь хамаагүй мэт болсныг иргэд сүүлийн хэдэн жил тодорхой харлаа. Ямартаа ч өнөөгийн нөхцөл байдлаас үүдэж ирэх оны төсвийн төсөлд дахин тодотгол хийх нь дамжиггүй. Хэрэв ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар баталбал ирэх онд үүнийхээ хэрээр өсч 2500-д ч хүрэхгүй гэх баталгаагүй. Хэн нэгэн үүнийг “Муу амаллаа” гэж хэлж магадгүй л дээ. Гэхдээ л ингэж айхгүй гэхийн баталгаа байхгүй болсон. Өнгөрсөн жил энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон ч төлөвлөсөндөө барихаар бодитой арга хэмжээ аваагүйг та бид сайн мэднэ. Харин ч гэрлийн хурдаар өссөөр өнөөдрийн байдлаар ам.долларын ханш Монголбанкны зарласан ханшаар 1873 төгрөгөөс давчихлаа. Тэгвэл валют арилжааны хар зах дээр бараг 1900 төгрөгт хүрээд байна. Мөн инфляцийг найман хувьд барина гэсэн бол хоёр дахин нэмэгдлээ. Монголбанкны алдагдал нэг их наядаас давлаа. Эдгээрээс үзэхэд ирэх онд ам.долларын ханшийг 1750-д барина гэдэг юу л бол. Энэ тоог “Ямар ч үндэслэлгүй” хэмээн шүүмжлэх гишүүн ч цөөнгүй бий. 

 

М.Болд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.