ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах тухай тогтоолын төслийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы  өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв.

Байнгын хорооны дүгнэлтэд, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт“-ын “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай тусгажээ.

ҮХЦ-ийн дүгнэлт болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн О.Баасанхүү гишүүнээс өөр байгаагүй бөгөөд тэрээр Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж буй тухайгаа хэлж байсан.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн хэдий ч уг "хүлээн авах тухай" тогтоолын төслийг дэмжээгүй юм.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.