“Ирэх онд инфляци 19 хувьд хүрч болзошгүй”

“Ирэх оны төсвийн төсөлд энэ оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал нэлээн өөдрөгөөр төсөөлж боловсруулжээ” хэмээн Нээлттэй нийгэм форумаас мэдэгдсэн байна. Энэхүү Нээлттэй нийгэм форумтай эдийн засагчдаас бүрдсэн зөвлөх баг хамтран нэгдсэн төсвийн төсөлд тойм дүгнэлт хийдэг аж. Тэд өмнөх жилийн тойм дүгнэлтэд уул уурхайн салбарын өсөлтийг дотоодын эдийн засгийн нөхцөл байдал БНХАУ-ын эрэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлстэй уялдуулалгүй хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн хэмээн дүгнэж байсан нь бий. Энэ оны гуравдугаар улирлын дүн мэдээгээр уул уурхайн салбарын төсвийн гүйцэтгэл төлөвлөснөөс 60 хувийн бууралттай буюу төлөвлөсөн орлогын 1/3 хувьтай тэнцсэн нь тэдний гаргасан дүгнэлттэй  дүйж буй аж. Зөвлөх баг жил бүрийн төсвийн төсөлд үнэлгээ хийж тойм дүгнэлт гаргахдаа Сангийн яамны төсвийн мэдээлэл, Монголбанк, ҮСХ, Валютын сан, Дэлхийн банкны судалгаа, тайланг үндэслэдэг юм билээ. Тэгвэл тэд ирэх оны төсвийн төслийн хувьд “Эдийн засгийн төлөв байдал сайжирна” гэсэн үндэслэлд тулгуурласан нь хэт өөдрөг байх вий гэсэн болгоомжлолыг өгч байна. Өөрөөр хэлбэл, төсөл боловсруулахдаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сүүлийн дөрвөн жилийн удаашрал, гадаадын хөрөнгө оруулалтын  найман улирал дараалсан бууралт, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамтыг бодитой тусгаагүйг тодотгожээ. Ингэснээр эдийн засгийн ерөнхий төлөв уруудаж, инфляцийн түвшин өсөх хүлээлт нэмэгдэх аж.

Монголбанкны энэ оны хоёрдугаар улирлын судалгааг үндэслэвэл ирэх онд инфляци 19 хувьд хүрч болзошгүйг тэд мэдэгдлээ. Мөн Монголбанкны хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг “Давхар иртэй тонгорог шиг байна” хэмээн шүүмжлэв.

Тодруулбал Монголбанкны энэ оны хоёрдугаар улирлын судалгааг үндэслэвэл ирэх онд инфляци 19 хувьд хүрч болзошгүйг тэд мэдэгдлээ. Мөн Монголбанкны хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг “Давхар иртэй тонгорог шиг байна” хэмээн шүүмжлэв. Учир нь дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засагт хэт их мөнгөний нийлүүлэлт хийснээр эерэг нөлөөтэй ч нөгөөтэйгүүр валютын ханшийн эрэлтийг огцом хөөрөгдсөн хэмээн тайлбарлалаа. Зөвлөх багийн танилцуулгад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц хурдтай шавхагдан ханшийн дарамт нэмэгдэж буйг онцолсон юм. Улмаар ирэх оны төсвийн төсөл нь тодотголтой харьцуулбал буурсан ч хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал өссөн дүр зурагтай байгаа аж.  Манай улсын хувьд татварын орлого төрөлжөөгүйн улмаас орлогыг зохиомол өсгөх, зардалтай нийцүүлэх орон зайг уул уурхайн татварын орлого бий болгосон хэвээр байгааг дурдан ирэх оны төсөвт  урсгал зарлагын тэлэлт үргэлжилж мэдэх нь гэсэн дүгнэлт өглөө. Урсгал зарлагын өсөлтөд цалин хөлс, тэтгэвэрийн нэмэгдэл ба зээлийн үйлчилгээний төлбөрийн өсөлт голложээ. Цаашид төсвийн орлогыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбаруудын хөгжлийг дэмжих, аж ахуйн нэгжийн санхүүг бэхжүүлэхэд төрийн нэгдсэн бодлого шаардлагатай байгааг Нээлттэй нийгэм форумаас зөвлөсөн юм. 

 

М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.