“Ардчилал”-гүй АН

Уг нь энэ үгийг зүгээр ч нэг амнаасаа унагачихмааргүй л байх юм. Гэхдээ яая гэхэв өөр арга алга. Өнгөрсөн сонгуулийн дараа олон жил Монголын төрийг авч явсан улс төрийн ууган хүчин МАН ялагдал хүлээсэн. Тиймдээ ч нийгмийн хүлээлтийг ойлгож тэд намаа шинэчлэх тухай ярьж эхлэхэд олон нийт хүлээн зөвшөөрч байсан юм. Сонгуулийн дүн ч үүнийг баталж байв. Харин АН-ын тухайд “МАН-ын дэргэд залуу улстөрийн хүчин. Тиймээс шинэчлэл ярих болоогүй” гэж олон хүн хэлэх байх. Гэхдээ шинэчлэх гэдэг насжилтадаа бус намын тархи, зүрх болсон дотоод  ардчилал, намын гишүүдийн ёс зүй, үүрэг, хариуцлага, намын үнэт зүйл мөн чанараараа оршиж буй эсэхээс шалтгаална. Ардчилал бол ардчилал л байх ёстой. Гэтэл АН-д “ардчилсан” гэдэг үгэнд нийцчих ардчиллын үнэт зүйл, ёс зүй, хариуцлага, ухамсар, дотоод ардчилал нэг л харагдаж, мэдрэгдэхгүй байна. Харин эсрэгээрээ гишүүдээ дарамталж, ял зэмд унагадаг. Эсвэл намын дарга нь аливаа асуудлыг гишүүддээ тулгаж, хүлээн зөвшөөрөхгүй бол айлган сүрдүүлдэг. Ийм л нам болж хувирлаа. Тэдний авир араншин Н.Алтанхуягийг огцруулснаар бодит төрхөө олж, нийгмийн өмнө улам тодорч байна. Засгийн газрын тэргүүн, АН-ынхаа даргын эсрэг санал өгсөн гишүүдийг “Та нар намын даргын эсрэг санал өгсөн учраас манай намаас яв. Та нар шиг урвагчид манай намд хэрэггүй” гэж хэлээд хөөж явуулах тогтоолыг сэм баталчихдаг. Бүр намынхаа дүрмийг зөрчөөд... Яагаад УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсны төлөө тэднийг нам нь ингэж шийтгэх ёстой юм. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл. Нөгөөтэйгүүр "Нам бус улс орны эрх ашгийг дээдлэнэ" гэж тангараг өргөсөн. Тэд хэнийг төрийн тэргүүн байлгаж, хэнийг буулгахаа мэднэ. Ингэх эрхийг нь ард түмэн тэдэнд олгосон. Ажлаа хийсэн шиг хийж чадаагүй л бол байр сууриа тавьж өгөх хэрэгтэй. Энэ л ардчиллын зарчим. Гэтэл энэхүү наад захын ардчиллаас ухарч намын гишүүн л бол намын даргын үгийг дагаж, хэлснийг нь хийж байх ёстой гэсэн бичигдээгүй хууль энэ намд үйлчилдэг юм байна. Түүнийгээ намын дүрэм мэтээр тайлбарладаг. Угтаа бол ардчиллаар овоглодог намын дүрэмд ийм заалт байх ч учиргүй. Ер нь “ардчилсан” гэдэг нэрийг барьж хэн, юу дуртайгаа хийдэг байж болохгүй. Одоогийн АН-ыг хэн ардчилсан гэх юм бэ. Харин ч коммунизм руугаа явж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Намын удирдлага нэрээр хэдхэн хүн хуралдаж өөрсдийн гаргасан шийдвэрээ бусад гишүүддээ тулгадаг ийм л “ардчилал”тай эрх баригч нам. Үүнийг өөрчилж, шинэчлэх л ёстой.

                                                                                                                      Ц.Жаргал

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.