Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн автомашины жолооч байгалийн улаан чулуу, бог малын мах хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Үүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Д.Гантуяа өнгөрөгч мягмар гарагт буюу энэ сарын 4-ний өдөр илрүүлжээ. Тодруулбал, улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үеэр УНӨ 6316 улсын дугаартай нүүрс тээврийн автомашины жолооч Б нь 50 кг байгалийн улаан чулуу хил нэвтрүүлэх гэж байсан аж. Түүнчлэн шалгалтаар бог малын мах тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ.