Баянзүрх дүүрэг хог тээвэрлэх найман машин хүлээж авчээ

Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт хог тээвэрлэлтийн тусгай зориулалтын найман ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Тус машинуудыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Барилга хот байгуулалтын энэ оны төсөвт суулгаж өгсөнөөр ийнхүү хүлээн авч байгаа юм байна. Эдгээр машин 2012-2013 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд цаг агаарын -45-+45 хэмд ажиллах бүрэн чадвартай, өргөх буулгах, шахах гидрийн систем болон бусад тоног төхөөрөмжүүдтэй, шороон болон бартаат замаар явахад зориулагдсан ажээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт 45 машин хог хаягдал тээвэрлэж, ачигч, жолооч бүхий 135, гудамж талбайн цэвэрлэгээнд 80 ажилчин ажиллаж буй. Харин дээрх дөрвөн машин нэмэгдсэнээр Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар тус бүр хоёр машин нэмэгдэх юм байна. Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэх машин нэмэгдсэнээр иргэд аж ахуйн нэгжийн хог тээвэрлэлтийн рейс нэмэгдэж хоггүй дүүрэг, хороо болох зорилтот ажилд ихээхэн хувь нэмэр болж байгааг дүүргийн Дэд бүтэц, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга Т.Батцогт хэллээ.

 

М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.