“ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” уулзалт маргааш болно

Энэ сарын 14-ний өдрөөс ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн сарын 03-нд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ-ын иргэд болон манай улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эрхтэй болж байгаа юм. Ингэхдээ иргэдийн визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Харин энэхүү визийн журам хэрэгжиж эхэлснээр хоёр орны хооронд аялал жуулчлалын болон хувийн зорилгоор зорчигчид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллагууд хамтран “ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” ажил хэргийн уулзалтыг маргааш нийслэлийн Хангарьд ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалтаар Оросын жуулчдыг хүлээн авах сонирхолтой тур оператор, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний төв, эмчилгээ,сувиллын газрууд, соёл урлаг, үзвэрийн газрууд оролцож тэдгээр жуулчдын онцлог, үйлчилгээний сонголт, мөнгөн зарцуулалт зэрэг зах зээлийн дэлгэрэнгүй судалгааг танилцуулж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө өгөх аж. Нийслэлийн зүгээс оросын жуулчдад зориулсан цахим хуудас, аяллын хөтөлбөр бүхий товхимол, үйлчилгээний ажилтнуудад зориулсан Орос-Монгол ярианы дэвтэр гаргаж, орос хэлтэй хөтчүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх ажлуудыг эхлээд байгаа юм байна. Мөн ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан танилцах аялал, Улаанбаатар хотын онцлогийг харуулсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэж ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Читын телевизүүдээр цацахаар төлөвлөжээ.

 

М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.