“Намрын синдром”, “Мөнгөний гахай” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байсан “ТВ Коктейль” хамтлагийн уран бүтээлчид ээлжит “Омарын эрэлд” киноныхоо нээлтийг өнөөдөр хийхээр болжээ. Киноны нээлт “Тэнгис” кино театрт болох юм байна. Энэхүү киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ. Гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар мөн оролцсон аж. Киноны талаар тус хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал “Аливаа уран бүтээл үзэгчдэд цаад утга агуулгаараа ямар нэгэн санаа илэрхийлдэг. Манай хамтлагийн гаргаж буй “Омарын эрэлд” кинонд гадаадад ажиллаж, амьдарч байсан залуус Монголдоо ирээд амьдрах нөхцөл нь бүрдэхгүй хэрхэн зовж буйг маш тодорхой харуулсан. Иймд бусад уран бүтээлээс ялгаатай. Киног адал явдалт, инээдмийн төрлөөр бүтээснээрээ онцлог юм” хэмээн ярьжээ.
Н.Дөлгөөн