Замын халтиргаа гулгааг цэвэрлэх өвлийн бэлтгэл хангагджээ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ. Тодруулбал, цас орсон үед ажиллах бодис цацах Камаз долоо,  Бонго тав,  Зил-130 гурав, цас мөс хусах, түрэх Ковш хоёр, Автогрейдер нэг, Универсиал трактор хоёр, bobcat хоёр ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болсон байна. Эдгээр бригад нь төвийн гудамж талбайгаас гадна их хэмжээний хунгар тогтож, хөдөлгөөнд саад учруулдаг хотын гаднах автозамууд болох Айц, Морин, Баруун турууны даваа, 22, Баянзүрх, Яармагийн товчоо, Найрамдал зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Санзай хүртэлх зуслангийн замуудыг  хариуцан ажиллах гэнэ. Одоогийн байдлаар тус нэгтгэл 400 шоо метр элс, 560.3 тонн бодисын нөөцтэй байгаагаас гадна явган замын цас үлээх 11 ширхэг шинэ тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгэжээ. Мөн Баруун, Зүүн салбарууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ногоон байгууламжийн цэцэрлэгч, шугам сүлжээний засварчин, шуурхай засварын бригадын 70 гаруй ажилтныг Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Өндөрширээт, Ар хустай сумын нутгаас дэрс түүж, шүүр хийх  ажлыг зохион байгуулсан байна. Түүсэн дэрсээ хуучин шүүрний ишинд бэхлэн, нийт 6000 гаруй дэрсэн шүүр үйлдвэрлэж, ирэх оны зургадугаар сар хүртэл ашиглахаар нөөцөлжээ. Дэрсэн шүүрний ашиглах хугацаа нь хотын төвийн зам талбайг цэвэрлэхэд долоо, гэр хорооллын зам цэвэрлэхэд гурав хоног байдаг ажээ.

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.