УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Зоригтоос дараах тодруулгыг авлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байгаа үед намын бүлэг бүрэн ирцээ хангаж чадаагүйгээс Засгийн газар огцорлоо. Тиймээс ирцээ бүрдүүлээгүй гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Засгийн газрын тэргүүнийг огцруулах тухай асуудал яригдаж байгаа үед намын гишүүд ирцээ бүрэлдүүлж ирээгүй тохиолдолд намаас хасах дүрмийн заалттай. Намаас хөөх асуудлыг энд шийдэхгүй. Намын хяналтын зөвлөлийн шийдвэр гарна.
-Танай намын “Шонхор” фракцийнхан бараг ирсэнгүй?
-Манайхаас долоон хүн ирсэнгүй. Өчигдөр гэхэд энэ хүмүүсийн нэлээд нь Засгийн газраа авч үлдэнэ гэж байсан. Өнөөдөр үл ойлгогдох, бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар тэд ирсэнгүй.
-Шинэ Засгийн газрыг удахгүй бүрдүүлэх ёстой. Цаг хугацааны хувьд хуулиараа хэрхэн зохицуулагдах вэ?
-14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ёстой.
-Дараагийн Засгийн газрын хувьд намууд зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэлж байсан. Тэгэхээр зөвшилцлийн ямар хувилбар байж болох вэ?
-Улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм үед парламентад суудалтай намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө эхлэх байх.
-Ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой. Заасан хугацаандаа амжих боломжтой юу?
-Ерөнхий сайд, Засгийн газар огцорчихлоо. Гэхдээ сая үүрэг гүйцэтгэх хүмүүсийг томилсон. Тэгэхээр Шадар сайд ахлаад, төсвөө батлуулах байх.
-Энэ Засгийн газрын бүтцээр төсвийг батлах нь байна. Гэтэл дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөнө шүү дээ?
-Тэгэхээр төсөвт тодотгол хийнэ гэсэн үг.