“Шонхор” фракцийнхан юу сэдэв

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний Засгийн газар огцов. Гэхдээ бүр “арай ч үгүй байлгүй дээ” гэмээр саналын харьцаагаар шүү. Мэдээж УИХ дахь олонхийн бүлэг Ерөнхий сайдыг ийнхүү огцруулна гэж хэн санахав. Бүр УИХ дахь “Шудрага ёс” эвсэл тэр дундаа МАХН-ын гишүүд хүртэл Н.Алтанхуягийг огцруулахгүйн төлөө хэлсэн ам, байгуулсан гэрээгээ мөрдөж байхад намын нөхөд нь тэр дундаа З.Энхболдын ахладаг “Шонхор” фракцийнхан Н.Алтанхуягийг ёстой л нэг ар нуруугаар нь цэвэр дарах шиг боллоо. “АН-ын бүлгийн хурал дээр Н.Алтанхуягийг огцруулахгүй байхаар санал нэгдэж, гарын үсэг зурсан” гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн хэлсэн үг ч үнэн байж чадсангүй. Чухам яагаад “Шонхор” фракцийнхан Н.Алтанхуягийг огцруулах санал хураалтад оролцсонгүй вэ. Энэ үйл явдал өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын “Их тэнгэр”-т уулзаж хийсэн тохироо буюу З.Энхболд, Н.Алтанхуяг нарын байрыг солих тухай яриаг үнэний ортой юм биш биз гэсэн хардалт төрүүлж байна. Нөгөөтэйгүүр аливаа асуудлын цаана чимээгүйхэн “хор найруулж” суудаг З.Энхболдын явуулга, санаархал байж болох юм. Ямартай ч АН-ын ҮЗХ ойрын хугацаанд хуралдаж таарна. Хэрэв санаатай улс төрийн тохироо цаанаа агуулаагүй л бол ҮЗХ-ны хурлаар “Шонхор”, “Алтангадас” фракциудын хооронд нэлээд ширүүн тэмцэл өрнөхийг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө бол АН доторх фракци хоорондын зөрчлийг хурцатгаж  болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. АН “Хэрэв Ерөнхий сайд огцорвол намын даргынхаа эсрэг санал өгсөн гишүүдийг намаасаа хөөнө” гэдгээ ч мэдэгдсэн. Тиймээс намын даргынхаа эсрэг санал өгч, түүнийг огцроход хүргэсэн Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга, М.Зоригт нарын гишүүдийн асуудал ч хөндөгдөх юм.  

                                                                                                                      Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.