Өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн юм. МАН-ын долоо дээр нэмж АН-аас бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Р.Бурмаа, “Шударга ёс” эвслээс Г.Уянга нарын гишүүд Н.Алтанхуягийн эсрэг кноп дарав. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хувьд Э.Бат-үүлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн "АН-ын гишүүний ариун үүрэг"-ээ би биелүүлж Н.Алтанхуягийг огцруулах санал өгнө. Ардчилалын үнэт зүйл болсон сонгох сонгогдох эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан МАХН-тай гэрээ байгуулсан энэ ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө огцруулах хангалттай үндэслэл тул огцруулах саналтай байна” гэсэн бол бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсад мэдээлэл ил тод, нэгдсэн байх ёстой. Бид мэдээллийн нэгдсэн мэдээлэлтэй байж мэдэгдэл хийдэг байх хэрэгтэй. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын буруу үйлдэл нь нотлогдоогүй байхад буруутай мэт мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл” гэлээ.
Ц.Гэрэл