Эдийн засаг хүндэрсээр, Ерөнхий сайд гүрийсээр л

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, валютын ханш ч улам өссөөр эцэстээ өнгөрсөн жилийн энэ үеэс эрс доройтоод буйг эдийн засагч, улстөрч, судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагаар үргэлж мэдээлж байна. Үнэндээ өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээс харахад л эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан нь илт байна. УИХ-аар өнгөрсөн оны мөнгөний бодлогыг батлах үед Монголбанкнаас “Инфляцийг найман хувьд барина” гэсэн ч гүйцэтгэлээр төлөвлөснөөс дээгүүр гарсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөө “Найман хувьд барина” гээд амлаад байсан инфляци нь одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 хувьтай байх жишээтэй. Эрх баригчид ёстой буян амалж, бурхан тахиад ч инфляцийг бууруулж чадахаасаа нэгэнт өнгөрсөн. Үүнийгээ ч сүүлийн үед асуудал бүр хүндэрсэн хойно нь гэнэт ухаарч илүү зардлуудаа танаж эхэллээ. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар анх байгуулагдах үед нь л сөрөг хүчний, мөн улс төр судлаачдын зүгээс олон зүйлийг анхааруулж байсан. Харамсалтай нь “Шинэ баян цээж өвчтэй” гэгчээр яамдын тоог нэмж, төрийн бүтцийг данхайлгасан нь өнөөгийн энэ хүнд байдалд ороход ихээхэн нөлөөлсөн гэдгийг хэлэх хүн олон байна. Харин эдийн засагч, судлаачдын олон удаагийн баримт нотолгоо, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсныхаа эцэст л нэг муу юм “Тэнэг хүний ухаан үдээс хойш” гэгчээр саяхан Ерөнхий сайд яамдынхаа тоог буцаагаад цөөллөө. Хэдийгээр хожуу гаргасан шийдвэр ч гэсэн илүү зардал урсгадаг байдал нь багасна гэж итгэхээс өөр аргагүй. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өслөө. Дээр нь манай улсын зээлжих зэрэглэл ч буурлаа. Түүнчлэн гадаад худалдааны алдагдал ихэссэнээр худалдаа багасч, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ улам нэмэгдсэн гэх мэтчилэн салбар бүрийн эдийн засагт сөрөг үр дагавар нүүрлэсээр буйг тоочоод баршгүй аж. Өнгөрсөн жил энэ оны төсвийг хэлэлцэхдээ ам.долларыг 1384 төгрөгт барина гэж төсөвт суулгасан нь бий. Гэвч дээрх тоо нь одоогийн байдлаар бараг нэг нугалаад байгааг юу гэх вэ. Тодруулбал, долоо хоногийн өмнөхөн л Монголбанкны зарласан ханшаар 1853 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр гэхэд л 1869 төгрөгт хүрчээ. Энэ мэтчилэн өдөр өдрөөр ам.долларын ханш чангарч монгол төгрөгийн ханш суларсаар байгааг харахад ам.доллар цаашид 2000 төгрөгт хүрэхгүй гэх баталгаа алга. Үүний улмаас иргэдийн амьдрал ч улам доройтож, томоохон зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэгчдийн тоо цөөрсөөр байгаа. Худалдан авалт буурсны хэрээр бизнес эрхлэгчид ч хүнд байдалд орж, талбайн түрээс, банкны зээлийн асуудалд дарлуулж буйгаа олон хүн хэлж байна. Манай улсын эдийн засаг ингэтлээ доройтчихоод байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг сандал, ширээтэйгээ зууралдсаар л байх бололтой. Намынх нь олон гишүүн түүнийг “Албан тушаалаа өгөх ёстой” гэж үзсэн ч тэр гүрийсээр л байх ажээ. Ер нь иргэд албан ёсоор өлсгөлөн зарлаагүй ч үргэлж өлсгөлөн явсаар туйлдаж буйг тэр мэдэхгүй л байгаа юм болов уу даа. Эдийн засгийн саад болж байхаар эртхэн зайгаа тавьж өвөл дээр бишүү, Ерөнхий сайд аа!

 

М.Болд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.