“Эрдэнэс-Тавантолгой” компанид хийсэн ажлын хэсгийн шалгалтын талаар МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж, танилцуулав. Өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид шалгалт явуулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахласан байна. Шалгалтаар төрийн өмчийн тус компанид олон ноцтой зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа “Төрийн өмчийн оролцоотой компаниудад хууль, хяналт хэрэгжихээ байсан үйлдлүүд их байгааг энэ шалгалтаар нотоллоо. Ялангуяа санхүүгийн тайлан нь маш будлиантай байдаг юм байна. Ер нь төрийн өмчийн компаниуд их үрэлгэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь оффист нь нийт 123 хүн ажиллаж байна. Тэд нар нь бүгд сонгуулийн дараа хэн нэгний шахаасаар орсон хүмүүс. Тэр хэрээр үргүй зардал их гарч байгаа нь санхүүгийн аудитын шалгалтаар нотлогдсон” гэдгийг хэллээ.
Ц.Цэцэг