УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсөв болоод Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гарсангүй. Харин зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүдийн саналын томъёололтой холбогдуулан санал гаргасан гишүүд болон ажлын хэсгээс Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Батчимэг нар 2016 онд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад зориулж 47 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт нэмж тусгах санал гаргасан нь олонхын дэмжлэг авсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын гаргасан эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албанаас бусад төсвийн болон төрийн өмчит байгууллагуудын ирэх оны шатахууны зардлыг 30 хувь бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд, Ч.Хүрэлбаатар нар төрийн захиргааны төв болон нутгийн байгууллагуудын орон тоог 10 хувиар бууруулах санал гаргасан нь олонхын дэмжлэг авсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Р.Бурмаа, Р.Гончигдорж нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Ингээд байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг хуулийн төсөлд тусгаж Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.