Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараас Радио телевизийн хэрэг эрхлэх газар хүртэлх явган хүний замын трасст дөрвөн иргэний өмчлөлийн газар өртжээ. Тиймээс иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг нийслэлээс баталсан аж. Тодруулбал, дээрх дөрвөн иргэнд 214 сая 894 мянга 510 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх энэ оны зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгажээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIX, XXII хороонд шинээр барих Монел Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто замын трасст орсон 27 иргэнд өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор болсон байна. Төсөвт шаардагдах 588 сая 451 мянган төгрөгийг энэ оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.