Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Натур” худалдааны төвийн арын замын хашлага солих ажил тухайн хорооны иргэдийн бухимдлыг төрүүлж, төрийн мөнгийг шаардлагагүй ажилд зарцуулж байгаа талаар дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга С.Нямдоржоос тодрууллаа.
-“Натур” худалдааны төвийн арын замын хашлагыг сольж, шинэчилсэн. Уг бүтээн байгуулалтын ажлыг тухайн хорооны иргэд таашаахгүйн дээр явган хүний замыг өмнөхөөс нь дордуулж, явах боломжгүй болголоо гэсэн гомдол байна?
-Манай дүүргийн зургаа, 18, 25 дугаар хорооны нутаг буюу Дамдинсүрэнгийн гудамжны замын хашлага солих энэ ажлыг “Дүүргээс хийж буй дэд бүтцийн ажлын нэг” гэж бодох иргэн олон байх шиг байна. Солих ямар ч шаардлагагүй замын хашлагыг сольж, явган хүнийг чөлөөтэй ч зорчих боломжгүй болголоо гэсэн гомдол, санал хэд хэдэн удаа ирсэн. Бид хуульд заасан хугацаанд нь иргэдэд хариу, тайлбарыг нь өгч ажилладаг. Дамдинсүрэнгийн гудамжны замын хашлагын ажлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн.
-Тэгэхээр дүүргээс хийж байгаа ажил биш гэж ойлгож болох уу?
-Тийм, Дамдинсүрэнгийн гудамжны 2400 метр газрын замын хашлага солих ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зам арчлалтын ажлыг хийж байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн.
-Танай дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй бүтээн байгуулалт учраас та бүхэн замын хашлага солих ажлын явцтай танилцсан байх?
-Мэдээж дүүргийн нутэг дэвсгэрт хийж байгаа бүтээн байгуулалт болохоор манай хэлтсээс тухайн ажлын явцтай танилцсан. Биднийг очиход ажил гүйцэтгэж буй компани нь “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ биш байсан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэж байгаа ажилчид нь ямар компанийн захиалгаар тухайн ажлыг хийж байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байна лээ. “Цог ах, Мягмарсүрэн хийлгэж байгаа” л гэсэн үг сонссон. Энэ хэсгийг бид хийнэ, харин тэр хэсгийг өөр хүмүүс хийнэ гэсэн хариултыг өгсөн. Тиймээс бид Нийслэлийн Авто замын газраас тодруулахад, 2400 метр хашлага солих ажлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “Жи Жи Си”, “Алтай роуд” гэсэн хоёр компанитай гэрээлсэн юм билээ. Тухайн компаниуд нь гэрээт ажилтнаар хашлага солих ажлыг хийлгэсэн юм байна.
-Замын хашлагын ажлын гүйцэтгэлийг би харчихаад тантай уулзаж байна. Явган хүний зам л гэхэд хуучнаасаа дээрдэх нь бүү хэл улам дордсон байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна даа?
-Замын хашлагыг солих ажилд үнэхээр тааруу дүн тавихаар байгаа. Учир нь явган хүний замыг бүрэн засч янзлаагүй. Замын хашлага явган хүний зам хоёрын дундах зайг нөхөж, бөглөөгүйгээс шороо тоос босч, нарийхан болсон байна лээ.
-Баянзүрх дүүргийн нутэг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын бүх ажил танай хэлтэст хамаатай байдаг болов уу. Энэ ажлыг эхлэхээс нь өмнө та бүхний зүгээс хийх шаардлагагүй ажил гэдэг саналыг өгсөн үү?
-Дүүргээс санал авах нь бүү хэл ийм ажил хийх гэж байна ч гэж мэдэгддэггүй. Тэгсэн хэр нь хариуцлагыг дүүрэг үүрдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд шаардлага тавих ямар ч эрх зүйн зохицуулалт байдаггүй гэсэн үг.
М.Өлзий