Өнөөдөр иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/, АТГ-ын дэд дарга Б.Хурцын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АТГ-ын дэд дарга Б.Хурцыг УИХ-аас томилохдоо Авлигын эсрэг хуулийн 19, 21 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн өнгөрсөн зургадугаар сард ҮХЦ-д ханджээ. Гэвч ҮХЦ түүний мэдээллийг шалгахаас татгалзсан байна. Тодруулбал, иргэн А.Гантамирын гаргасан мэдээллийг зургадугаар сард ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогоо хүлээн авсан боловч АТГ-ын дэд дарга Б.Хурцтай ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шалгалт явуулахаас татгалзжээ. Түүний дараа ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар хүлээн авч шалгалт явуулсан байна. Энэ явцдаа Д.Сугар А.Гантамирт төрийн байгууллага болон албан тушаалтнаас авсан нотлох баримт болон маргаантай холбоотой бичиг баримттай танилцах боломж олгоогүй нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ. Ингээд өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдөр тэрбээр ҮХЦ-д шалгалтын ажлын явц болон нотлох баримттай танилцах хүсэлт гаргасан байна. Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар иргэний гаргасан мэдээллээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргажээ. Нөгөөтэйгүүр дээрх мэдээлэл Д.Сугарт хувиарлагдсаны дараа АТГ-ын хүсэлтээр Улсын Ерөнхий прокуророос Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс түтгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл Б.Хурцын асуудлаар маргаан үүсгэхээс татгалзмагц Д.Сугарын бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүй байх шийдвэрлэжээ.
Тиймээс ҮХЦ-ийн энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзжээ. Мөн үүний цаана ашиг сонирхолын зөрчил харагдаж байгааг онцолсон юм. Тэрбээр “ҮХЦ-ийн есөн гишүүний хоёр нь ашиг сонирхолын зөрчилтэй” гэв.
Түүнчлэн ҮХЦ-ийн уг асуудлаар УИХ-ын даргад хоёр удаа өргөдөл өгч, Засгийн газрын 11 11 төвд хандсан боловч албан бичгээр хариу өгөөгүй учраас Хүний эрхийн үндэсний комисс болон УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодод тус тус хандаад байгаа аж. Мөн Б.Хурц ОХУ-ын Аюулгүй байдлын академийг 1999-2000 онд төгсч хуульч мэргэжил эзэмшсэн гэдэг нь хууль бус гэж үзэн ОХУ-ын элчин сайдын яамнаас энэ талаар лавлагаа авахаар хүсэлт гаргасан байна.
Ц.Жаргал