“Хүрэлсүхийн залуус” гэх томьёоллын тухайд
Ингэж хэлэх, бас ярих, нөгөөтэйгүүр бичих шалтгаан байна. Яг үнэндээ улс төрийг сонирхолтой болгодог эрхмүүд байдаг даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх.Гарын арван хуруунд багтам цөөн улстөрч. Тийм омголон, иргэдийнхээ итгэлийг даадаг, жаахан хөндийрөөд ирэхээр үгүйлэгддэг улстөрч гэсэн үг. Ухнаагийн Хүрэлсүхийг тийм л эрхмүүдийн нэг гэж болох. Гэхдээ МАН-д “Хүрэлсүхийн залуус” гэсэн хаяг бүхий нэгэн үе бий болсон нь энэ нөхрийн гавьяа. МАН-ыг ахмадуудын нам гэсэн ангиллаас түүний залуус гаргаж чадсан юм. Тэр МАН-ыг залуусын нам болсгосон.
Шадар сайдаас татгалзав
Дээр хэлсэн дээ. Тэр амбийц ихтэй атлаа бас огцом шийдвэр гаргадаг. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед Засгийн газар өөрчлөгдөж Шадар сайдаар ажиллах санал ирүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж У.Хүрэлсүхийг эсэргүүцэж байсан нь үнэн. Тэр зүгээр л татгалзаж чадсан юм. Би Шадар сайд болохгүй л гэсэн. Үүгээрээ ганган харагдсан. Бас МАН-ыг нь гоё харагдуулж эхэлсэн. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байж үзсэн. Одоогийнхоор бол Шадар сайд л даа. Ард түмнийхээ төлөө гал, усны гамшигтай тулгарч явдаг эрчүүдийг У.Хүрэлсүх хурандаа удирдсан нь ойрын жилүүдэд улстөрд гараагүй зохимж байх шүү. Тиймээс л С.Баяр, У.Хүрэлсүх нар МАН-ын сонин имиж, сонгогчдын хүсэлт хүн байсаар ирсэн юм.
МАХН-ыг МАН болгосон эр зориг
МАХН-ыг уугуул нэршил МАН болгох сонирхол, хүсэл үе үеийн удирдлагуудынх нь дунд байсаар он жилүүд олонтаа улирсан юм. Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон энэ намд шургасан “Хувьсгалт” гэдэг үг 1937 оноос хойш эгэл жирийн гишүүдийг нь зовоосоор ирсэн гэхэд хилсдэхгүй. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хоршилын үед “Хувьсгалт” гэдэг үгийг авсан. Энэ бол зоримог шийдвэр. Өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаярын үед МАН болгох тухай ихээхэн яригдсан ч зориглоогүй байдаг. У.Хүрэлсүх намынхаа уугуул нэрийг сэргээсэн тухайд “Одоо МАН-ынхныг “Ху” намын хулгайч нар гэж хэлэхээ больсон. Бид намынхаа уугуул нэрийг сэргээж, Бодоо, Данзан нарын хүслийг үргэлжлүүллээ” гэж хэлсэн. Тэр огцом, бас хурц араншинтай эрхэм.
У.Хүрэлсүх улстөрд эргэн ирлээ
УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдохдоо хуулийн дагуу намын жагсаалтаар орж ирсэн. МАН-ыг газрын хөрснөөс арчих бодлого 2012 оны сонгуулийн дараа илт сэргэж, МАН-ын бүлгийг байгуулахгүй удсан. Энэ үед цөс ихт У.Хүрэлсүх л “МАН-ын төлөө шаналж” явсан. Шаналал нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханы салаавчны хариуд шанаа өгснөөр өндөрлөсөн. МАН-ыг доромжилсон хүнд У.Хүрэлсүх яснаасаа дургүй. Харин шүүмжлэлийг бол хүлээж авна гэдэг. Тэр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан тоотой улстөрчийн нэг нь. Гэр бүлийнхээ төлөө, бас МАН 2012 онд сонгуульд цөөнх болсны бурууг өөр дээрээ хүлээсэн эр зориг. Тэрбээр одоо дахиад их улс төрд чимээлж эхэллээ. Ингэхдээ тэр өөрийн имижээ өөрчилж урлагаар дамжуулан намын нөхөд, гишүүд, дэмжигчдэдээ улстөр дэх орон зайгаа эзлэхээр ирснээ илэрхийлэв. Хэн ч түүнийг улс төрд ийнхүү ая дуугаар хөглөгдөн, гэгээлэг сайхнаар буцаж ирнэ хэмээн төсөөлөөгүй нь лавтай. Саяхан нэг жиргээч жиргэсэн байна билээ. “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН-ыг У.Хүрэлсүх шиг хүн л удирдмаар байгаа юм” гэж. Үнэний ортой. Тэрний орон зай эрх баригч, МАН-ын мөнхийн өрсөлдөгч АН-д хүртэл дутагдаж байна. 2016 оны сонгуульд МАН У.Хүрэлсүхээр “толгойлуулбал” залуусаараа хүч түрүүлбэл, ялалтын уухай цуурайтаж мэднэ. У.Хүрэлсүхгүй Монголын улс төр сонирхолгүй байдаг нь үнэн. Тэр эргэн ирж байна.
Ц.Жаргал garag.mn