М.Эрхэмхүү: Б.Болдсайхан эмч “Би бөө биш, дараа нь юу болохыг яаж мэдэх юм” гэж хэлсэн

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэгт шалгагдан цагдан хорих 461 дүгээр ангид гурван сар саатуулагдаж, одоогоор хөл нь мэдээгүй болсон гэх оноштой хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж буй М.Тулгын ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа.  


-Шүүхээс хэлэлцээд Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Харин таны хүүгийн цагдан хорих хугацааг 30 хоногоор хойшлууллаа. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Батлан даалтад гаргах эсэхийг шүүхээс хэлэлцэх энэ удаагийн  хэлэлцүүлэгт ар гэрийнхнийг нь оролцуулаагүй. Харин өмнөх хэлэлцүүлэгт нь би орж байсан. Энэ удаагийн шүүхийн хэлэлцүүлэг болоход хүү маань “Сонгдо” эмнэлэгт хэвтэж байсан юм.

-М.Тулга өмнө нь нурууны хууч өвчтэй байсан гэсэн. Гэтэл харгалзагч нь зодсоноос өвчин нь сэдэрсэн гэж хэвлэлээр мэдээлсэн. Яг юу болсон юм бэ?

-Хорих ангийн хуяг хүүг маань долдугаар сарын 30-нд хорихын камер руу оруулахдаа нуруу руу нь өшиглөснөөс болж хууч өвчин нь сэдэрсэн. Өмгөөлөгчтэй нь тухайн хуяг маргалдсан юм билээ. Тэгээд хүүг маань камер руу оруулахдаа “Чи муухай хараад байна уу” гээд өшиглөсөн гэсэн. Үүнийг өмгөөлөгч нь хараад гомдол мэдүүлснээр тэр хуягийг ажлаас нь чөлөөлсөн. Харин нөгөө хуягууд энэ явдлаас болж хүүд минь өс санах маягаар дарамталдаг байсан талаар хэлдэг.

-Эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг шууд хорих анги руу ачсан нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байгаа. “Сонгдо”-д хэвтэж эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан уу?  

-Энэ хугацаанд 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт миний хүү 2-3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Өмнө нь 2010 оноос хойш нуруу нь өвддөг байсан юм. Хоригдсоноос нь хойш  хорихын эмнэлгээс гадуур өөр эмнэлэгт үзүүлж нарийн оношлуулах талаар АТГ-ын байцаагч нарт удаа дараа хүсэлт гаргасан. Тэд өмнөөс хуулийн заалт яриад болж, бүтэхгүй талаар нь хэлдэг байсан. Ингэж явсаар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд хөл нь мэдээ алдаж эхэлсэн. АТГ-т хүсэлт тавиад 461-ийн эмч нар тодорхойлолт хийж өгсөн. Хөл нь мэдээ алдаж эхэлснээс хойш 14 хоног хөөцөлдөж байж анх “Сонгдо” эмнэлэгт үзүүлэх зөвшөөрөл авсан юм. Ер нь АТГ “Сонгдо”-д ханддаг юм билээ. АТГ-аас над руу утасдаад “Хүүхдийг чинь шинжилгээнд хамруулъя” гэж ярьсан. Би ч хүүхдээ эмнэлэгт эмчлүүлэх талаар хөөцөлдөж байсан учраас “Тэгье” л гэсэн. Уг нь сүүлийн үед “Гранд мед” эмнэлэг нурууны мэс засал хийж байгаа юм билээ. Тэгээд хүү маань ч гэсэн нэг мөсөн нуруу нугасны эмнэлэгт хандах талаар ярьж байсан юм. Өмнө нь “Сонгдо”-д үзүүлж байхад мэргэжлийн эмчгүй байсан гэж хүү маань хэлсэн. Тийм учраас өмгөөлөгчдөө хандаад  “Гранд мед” эмнэлэгт үзүүлэх талаар хэлэхэд АТГ-аас  “Танайх анхнаасаа “Сонгдо”-г сонгосон учраас боломжгүй” гэсэн. Тэгээд шинжилгээ хийлгэхэд  “Хэвтэж эмчлүүлэх шаардлагатай” гэсэн онош гараад дахиад 14 хоног болсон. АТГ-ын дарга нар нь “Танилцаж байна, гарын үсэг зурна” гээд их уддаг юм билээ. Энэ хооронд хүний бие өвдөж байгаа зэрэгт санаа зовж буй байдал тэдний хэнд нь ч байгаагүй. Тэгэхээр нь 461 дүгээр хорих ангийн үүдийг би бүтэн долоо хоног сахиж байж “Сонгдо”-д авчирч хэвтүүлсэн. Хүүг маань эмчлэгч эмч нь Б.Болдсайхан эмч байсан.

-Хүүг тань эмнэлэгт хэвтэж байхдаа шахалт дарамт их байсан гэх талаар өөрийн тань сонинд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Нэлээд гомдолтой байгаа бололтой. Яг юу болсон юм бэ?

-“Сонгдо” эмнэлэг хүүг маань харгалзагчийн хамт хэвтүүлсэн. Гэрийнхэн нь хоол цай оруулахаас өөр уулзаж ярилцах боломж байхгүй. Хөлийн мэдээ алдалт нь байнгын хэвтэрт зүү тавиулж байж гайгүй болдог. Гэтэл хоёр хоногийн дараа эргэлтээр очход төмөр тулчихсан хөлөө чирээд явж байсан. Тэгэхээр нь “Миний хүү ингэж явж болохгүй шүү дээ. Хамаагүй яваад байвал нурууны чинь судас дарагдаад бүр суучихна” гэхэд  хариу ч сонсох боломжгүй өрөөнийх нь хаалгыг хаачихсан. Ингээд эхний долоо хоногт нь бид уулзаж чадаагүй. Дараагийн долоо хоногийн хоёр дахь өдөр нь эргэлтийн өдөр учраас орсон. “Яагаад төмөр дээр тулаад яваад байгаа юм бэ” гэхэд “Эмч нь яв гээд дарамтлаад байна. Явахгүй бол хараалын үг хэлээд “Чи зүгээр байгаа шүү. Босч яв, битгий баашлаад бай. Эмнэлгийн нэр хүнд гутаагаад байна” гэж эмчлэгч эмч дарамтлаад байгаа талаар хэлсэн. Тиймээс би маргааш нь эмч дээр нь орж уулзсан. Удахгүй хорих хугацааг нь сунгах, үгүй эсэхийг хэлэлцэх гэж байсан учраас хүүгийнхээ биеийн байдлыг асуусан. Мөн эх хүний хувьд хүүгийнхээ ингэж өвдөж, мэдээ алддаг байсан талаар нь хэлж “Энэ хүүхэд үнэхээр зүгээр биш” гэдгийг  хэлсэн. Гэтэл “Танай хүүхэд зүгээр байгаа. Манайх мэргэжлийн эмчгүй ч гэсэн III эмнэлгийн эмч нарыг авчирч үзүүлсэн. Танай хүүхэд зүгээр” гэж тайлбарласан. Надад өвчнийх нь талаар хэлж өгсөн. “Нурууны завсар байдаг мөгөөрс нь зүгээр байгаа. Бараг хадаас хатгасан ч мэдрэхгүй” гэж хэлсэн. Түүнээс гадна эмч хүний хувьд надад нэг зохисгүй үг хэлсэн нь “Ийм жаахан байж Ерөнхий сайдын зөвлөх хийнэ гэж юу байсан юм. Далдаганаж яваад ийм байдалд хүрч байна” гэсэн. Гэхдээ үүнийг би нэг их хүндээр хүлээж аваагүй. “Хамгийн гол нь хүүхдийг минь эрүүл саруул болгох тал дээр та туслаач” л гэсэн юм. Тэгэхэд  Б.Болдсайхан эмч “Харин тийм. Би АТГ-ынханд хэлсэн. Та нар наад хүнээ эмчлүүлэхгүй бол та нарт гай болно шүү гэж хэлсэн. Тэгээд тэд оношлогоо хийгэхээр болсон. Тиймээс би танай хүүхдийг 10 хоног ч болов амраад аваг гэж бодоод авчирсан” гэсэн. Хүн сэтгэлээсээ ярьж байхад би өмнөөс нь асаад “Миний хүүхдийг битгий ингэж дарамтлаад байгаач” гэж хэлэх ухамсар байхгүй шүү дээ.

-Цагдан хорих хугацааг сунгах, батлан даалтад гаргах шүүхийн хэлэлцүүлэгт эмнэлгийн онош чухал байдаг. М.Тулгын шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-Цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт  “Сонгдо”-оос “Эрүүл мэнд нь зүгээр” гэсэн онош гаргаж өгсөн байсан. Ингээд шүүх нэгэнт эмнэлгээс ийм онош гаргаж өгсөн учраас өмгөөлөгч хэчнээн “Энэ хүн ийм хүнд байгаа” гэж хэлээд шүүх авч хэлэлцдэггүй юм билээ. Хугацааг нь 30 хоногоор сунгачихсан. Иймд хүүгийнхээ эхнэртэй нь дээрх шийдвэр гарсны маргааш Б.Болдсайхан эмч дээр орсон. Тэр эмч нөгөө л “Хадаасаар хатгасан ч зүгээр...” гэдэг зүйлээ ярьсан. Тэгтэл эхнэр нь дургүйцэж “Би 2010 оноос хойш нөхрөө дагаж эмчлүүлж байгаа хүний хувьд зүгээр биш гэдгийг нь мэдэж байна. Та яагаад ийм онош гаргаад байна вэ” гэхэд “Тэгвэл тэр шорон руу нь одоо аваад яв. Гай болж байх шив дээ” гэж уурласан. Тэгэхээр нь би аль болох ая эвийг нь харж байгаад дахиад нэг мэргэжлийн эмчид үзүүлчих санаатай чимээгүй л байсан. Гэхдээ “Одоо үргэлжлүүлж хорихоор боллоо.  Та зүгээр гээд явуулчихаж байгаа юм чинь 461 дүгээр хорих ангид очоод ямар нэг үр дагавар гарах уу” гэхэд “Юу болов гэж, эмээ уугаад л хэвтэж байна биз. Дараа нь юу болохыг би бөө биш яаж мэдэх юм” гэж хэлж байгаад нь гомдмоор санагдсан.

-“Сонгдо” М.Тулгыг эрүл мэнд нь зүгээр гэсэн онош  гаргасан юм байна. Тэгэхээр танай хүүхэд 13 хоног хэвтэж эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ?

-Булчин суллах дусал тариа хийхээс гадна өвчин намдаах маш хүчтэй эмнүүд өгч байсан. Хүчтэй эм ууж байсан учраас хүү маань хөл нь мэдээгүй ч гэсэн өвдөлтийг мэдрэхгүй хэд хоносон байх. Хамгийн гол нь эмчлэгч эмч нь дарамтлаад байхаар тэр хүнд ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ хоолой нь эдээлчихсэн байсан учраас антибиотик өгч байсан. Зөвхөн хоолой өвдсөн бол 461 дүгээр ангийн эмч нар эмчилчихнэ шүү дээ.

-Ер нь хүний гэм буруутайг шүүхээс тогтоогоогүй байхад олон сараар баривчилдаг жишиг тогтчихлоо. Энэ таныхаар хүнлэг ардчилсан нийгэм мөн үү?

-Чи их онож асуулаа. Бид үнэхээр хүнлэг биш нийгэмд амьдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл энэ жишгийг буруу гэж хэлсэн байна лээ. Ерөнхийлөгч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлэхдээ хорьж цагдахыг урьтал болгодог бүдүүлэг арга барилаа өнөөдөр ч манай хуулийнхан өөрчлөх боломж байгаа. Хууль нь ийм юм гээд хүмүүсийг айлгах, залхаах байдлаар хэрэг хүлээлгэх гэж оролдох явдал бол өөрөө гэмт хэрэг гэдгийг би энд онцолж хэлье. Тэгэхээр энэ байдлыг засах ажлыг бид зөвхөн хүнээс биш хуулиасаа, тогтолцооноосоо хайж, түүнийг өөрчилж байж л иж бүрэн өөрчилж чадна” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл түүний төрийн эрх барьж байгаа энэ хугацаанд энэ байдал үнэхээр газар авч байна шүү дээ. Би хүүгээ хэлмэгдэж байгаа гэдгийг онцолмоор байна.  

-Анх хүүг тань хэрхэн баривчилсан бэ. Өмнө нь хуулийн байгууллагаас мэдэгдэж байцаалт авсан уу?

-Долдугаар сарын 29-ний өдөр би хүүтэйгээ утсаар ярьсан. “Ээжээ хүү нь гадуур ажилтай явж байна” гэсэн. Дүү нь бас элэгний өвчтэй. Тэгээд дүүгийнх нь эмийн мөнгө дууссан учраас хүүгээсээ мөнгө асууж залгасан юм л даа. Тэгэхэд “Ээжээ маргааш цалин бууна” гээд зүгээр ярьж байсан. Гэтэл 30 минутын дараа эхнэр нь над руу яриад “М.Тулгыг АТГ-аас бариад явчихлаа” гэсэн. Үнэхээр хүнд цохилт болсон. Гудамжинд явж байхад нь бариад явсан юм билээ. Тэгээд маргааш нь би АТГ-т очоод юу болсон талаар асуухад “Онц ноцтой гэмт хэрэг хийсэн” гэснээс өөр тайлбар хэлээгүй. Би “Хүний аминд хүрчихсэн юм биш байгаа” гээд элдвийн юм бодсон. Орой нь хоёр хүүхдийг нь гэртээ байхад гэрийг нь нэгжээд уйлаан майлаад болгоод бөөн юм болсон. Барьцаат зээлийн газар ажиллуулдаг байсан нэг найзыг нь бас барьж гурван сар хориод сая Л.Гансүхтэй хамт батлан даалтад гаргалаа шүү дээ.

Түүнээс гадна эмч хүний хувьд надад нэг зохисгүй үг хэлсэн нь “Ийм жаахан байж Ерөнхий сайдын зөвлөх хийнэ гэж юу байсан юм. Далдаганаж яваад ийм байдалд хүрч байна” гэсэн. 

-М.Тулга саатуулагдахаасаа өмнө нь ямар албан тушаалд ажиллаж байсан бэ. Ерөнхий сайдын зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан байх аа?

-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрөгч гуравдугаар сараас больсон. Манай хүү чинь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга шүү дээ.  Зөвлөх, намын даргын үүргийг давхар хийж байгаад зөвлөхийн ажлаа өгөөд намын даргын ажлаа хийж байсан юм. Мөн цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байсан.

-Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан хэрэгт хүү чинь шалгагдаж байгаа. “Нүүрс” хөтөлбөртэй яаж яваад холбогдчихов?

-Одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Шадар сайд байх үед нь миний хүү  “Нүүрс” хөтөлбөрийн талаар судалж байсан. Өөрөөр хэлбэл, ажил болгох хүртэлх бүх зүйлийг хийлцсэн. Би ээжийнх нь хувьд мэдэж байна. Том, жижиг шуудай судлаад л хэдэн кг-аар савлах энэ тэр гээд ярьдаг байсан. Ингэж явсаар “Нүүрс” хөтөлбөр хэрэгжээд хүн бүр л ам сайтай байсан шүү дээ. Энэ ажлаараа миний хүү “Шинэчлэлийн баатар” гэж болсон. “Нүүрс” хөтөлбөрийн судалгаанд оролцож ажил болгосон хүн нь миний хүү мөн. Дарга буюу Н.Алтанхуягийн хэлсэн үүргийг биелүүлсэн хүн шүү дээ. Ер нь АН-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд үнэхээр идэвхтэй оролцож байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд хүү маань хүч хөдөлмөрөө шавхаж ажилласан. Яаж ажиллаж байсан гэдгийг би сайн мэдэж байна. Гэтэл тэр хүмүүс өнөөх мөнгийг сонгуульдаа аваад ашиглачихсан уу гэхээс “Энэ их мөнгийг хаанаас босгоод ирэв” гэсэн байдлаар ерөөсөө яриагүй. Гэтэл одоо хийсэн ажлыг нь буруутгаад байж болохгүй шүү дээ.

-Сая хүү чинь “Сонгдо”-д хэвтэж эмчлүүлэхэд нийт хэдэн төгрөгний зардал гарсан бэ. Таныхаар бол Б.Болдсайхан эмч бизнес хийчихсэн юм шиг ярьж байна шүү дээ?

-Миний хүүгээр бизнес хийсэн нь үнэн. “Үнэхээр бие нь муу байна” гээд авчирсан хүн чинь эцсийн оношлогоог зөв гаргаж өгөх байсан. Нийт 13 хоногт таван сая төгрөг зарцууллаа. 13 хоног хэвтүүлчихээд  “Гар” гэж хэлэхгүй байсан. Гэтэл хүү маань сүүлийн уулзалтаар “Ээжээ би эндээс гаръя. Та прокурор дуудаад өгөөч. Би энэ эмчид байцаагч шиг дарамтлуулж чадахгүй. Ингэж байснаас 461 дүгээр ангид очоод хэвтэж байя. Намайг ямар хүн болох нь уу энэ хүн харна биз” гэсэн. Тэгээд 16 хоноод хүүг маань 461 дүгээр хорих ангийн эмнэлэг рүү авч явсан. Би 13 хоногийн төлбөрийг нь эмнэлэгт хийсэн. Одоо гурав хоногийн мөнгийг нь өгч чадаагүй 360 гаруй мянган төгрөг нэхээд утасдаад байж байна. Би “Сонгдо”-д гомдолтой байгаа. Яах гэж өвчтэй байна гэж манай хүүхдийг авчирсан юм. Эхнээсээ зүгээр л байсан юм бол эмнэлэгтээ хэвтүүлэх шаардлагагүй биз дээ.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гарсан. Хүү тань эд нартай хамт ажиллаж байгаад ийм хэрэгт шалгагдаж байгаа учраас та уулзсан уу?

-Уулзаагүй байна. “Интер мед” эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн байх. Би очиж уулзана гэж бодож байгаа. Бие нь гайгүй болохоор очиж уулзах санаатай байна. АТГ шалгах ямар нэгэн үндэслэл байгаа учраас л шалгаж байгаа байх. Гэхдээ хүүд маань хэн нэгний хэргийг үүрүүлчих вий гэж эмээх юм. Ажлаа хийгээд явж байгаа залуучуудыг гудамжинд явж байхад нь шууд баривчлаад хэдэн сараар хорьж амьдралгүй болгодог байдлыг гайхдаг. Одоогоор дөрвөн сар шахуу хорьж байна. Хувийн эмнэлэгт хэвтсэн ч гэсэн бусдын эрхэнд дарамтлуулна гэдэг чинь энэ хүн эргээд амьдрах орчингүй болж байна шүү дээ. Энэ эмнэлгээс аавдаа үүрүүлээд гарахдаа хүү маань надад “Энэ эмчийг шүүхэд өгөөрэй. Намайг элдвээр хараалын үгээр зүхэж, энэ муу ялтан гэдэг байдлаар хандаж, хэн ч биш болгоод гаргалаа” гэж хэлсэн. Тэгэхэд байцаагч нь бидний дэргэд байсан.

-Хорих ангид аваачсаны дараа та хүүтэйгээ уулзсан уу. Бие нь одоо ямар байх шиг байна вэ?

-Өнгөрөгч баасан гаригт хорих ангийн даргатай нь уулзах гэж очоод өдөржингөө хүлээгээд уулзаж чадсангүй. Одоо эмнэлгээс нэгэнт “Зүгээр” гээд хорих ангид аваачсан юм чинь хорин ангийханхан АТГ-ынхны үгийг л сонсоно шүү дээ. Би “Хүү маань тахир дутуу болох гээд байна” гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй. Тиймээс бид “Сонгдо”-гийн гаргаж өгсөн сиди, зургийг  хувилаад Тайвань, Солонгос, Хятад руу явуулахад Тайвань, Солонгосоос  хариу нь ирсэн. “Яаралтай дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн ижил хариу байна лээ. Гэтэл дотоодын эмнэлэг нь зүгээр гээд хуулийнхны гарт хүүг маань аваачаад өгчихсөн.  Аргаа бараад “Гранд мед” эмнэлгийн солонгос эмчид “Сонгдо”-гийн зургийг аваачаад үзүүлэхэд “Мэдрэлийн судас нь дарагдсан байна. Үнэхээр их өвдөлт өгч байгаа” гэдгийг хэлсэн.

 

Б.Цэцэг

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.