Өнгөрсөн лхагва гарагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 53 хүүхэд цусан суулгаар өвдөн эмнэлгийн тусламж авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 40 хүүхдийн бие сайжирч эмнэлгээс гараад байгаа ажээ. Харин 13 хүүхэд суурь өвчтэй учир эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн хэвээр байгаа юм байна. Хүүхдүүдийн идсэн хоолны дээж, орчноос авсан арчдас зэрэгт хийж буй шинжилгээний дүн хараахан гарч амжаагүй гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн тус байгууллагын хэмжээнд өнгөрсөн 14 хоногт Эбола өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарч ажилласан байна. Тодруулбал, улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар, удирдамжийн дагуу аймгуудын Эрүүл мэндийн газруудын бэлэн байдлыг шалган, заавар, зөвлөмж өгч сургалт явуулахын зэрэгцээ танадалт судалгаа хийжээ. Шивээхүрэнгээс бусад боомтод энэ өвчнөөс хамгаалах хэрэгсэл, тухайлбал бээлий, амны хаалтны хангалт тааруу байгааг тогтоосон байна. Тиймээс аймгийн Засаг даргадаа хандан тодорхой хэмжээний мөнгийг нөөц хөрөнгөөс нь гаргуулах, эсвэл ИТХ-даа асуудал оруулж шийдвэрлүүлэхийг МХЕГ-ын дарга Д.Батмөнх үүрэг болгосон байна.