Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг шинэчлэхээр болжээ

Шилдэг ном бүтээл туурвисан залуу зохиолч, яруу найрагчдад МЗЭ-ээс олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг шинэчлэхээр болжээ. Одоогийн байдлаар уг шагналыг 30 гаруй залуу зохиолчид олгоод байгаа юм байна. Энэхүү шагнал нь 1990 онд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар анх бий болгосон бөгөөд хэдхэн жилийн өмнө тэмдгийн хэлбэрийг шинэчилж байжээ. Түүнчлэн өнөө жил ч энэ тэмдгийн загварыг ирэх оны нэгдүгээр сарын 9-нд тохиох МЗЭ байгуулагдсаны 86 жилийн ойг угтан шинэчлэх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаараа гаргасан байна. Иймд залуу зохиолчдод олгодог нэр хүндтэй шагналын тэмдгийг урлахад оролцох уран бүтээлчдийг урьж байгаа аж. Уг тэмдэг нь ур хийц сайтай, уран зохиолын утга бэлгэдэл бүхий төмөрлөг энгэрийн тэмдэг байх ёстой гэнэ. Тиймээс тэмдгийг урлах сонирхол бүхий уран бүтээлчид загвар төсөл, ноорог зургийг энэ сарын 26-ны дотор МЗЭ-ийн байрны 206 тоотод хүргэх буюу холбогдох цахим хаягаар явуулж болох аж.

 

Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.