АН-ын гишүүд дэмжигчид намынхаа удирдлагуудад мэдэгдэл хүргүүллээ

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж намынхаа удирдлагуудад хандан мэдэгдэл хүргүүлж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал болон өнгөрөгч амралтын өдөр хуралдсан АН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр яригдсан намын гишүүдийн байр суурьтай холбоотойгоор тайлбар өгөв.

Тэд өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр АН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдэд хандан дараах уриалга, шаардлага, мэдэгдлийг гаргажээ.  Үүндээ,

1.Монгол Улсын Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад уриалж байна.

2.Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулахыг дэмжиж буй АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг АН-ын дарга Н.Алтанхуягаас шаардаж байна.

3.Улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд АН-ын даргын толгойлж буй Засгийн газрыг унагахын төлөө ажилласан, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн тойрогт очиж АН-ын гишүүд дэмжигчдийн өмнөөс хариуцлага тооцож ажиллахаа илэрхийлье.

4.Сонгуулиас сонгуульд итгэл үнэмшил өвөрлөж саналаа АН-д өгсөн мянга мянган сонгогчдод талархснаа илэрхийлж Та бүхний сонголтыг хувийн  эрх ашигтайгаа хутгаж байгаа АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн өмнөөс уучлалт гуйж тэдэнд хариуцлага тооцохоо мэдэгдье гэсэн байна.

                                                                                                                        Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.