Маргааш ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл 11.00-11.20 цагийн үед Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн өндөр настан С.Батаа гуайг хүлээн авч уулзан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал, С.Батаа гуай Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав гэх газарт эртний үлэг гүрвэлийн яс байгаа тухай мэдээллийг ШУА-д өгсөн юм байна. Тэрбээр аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн аж. Уг олдворт газарт олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг гүйцэтгэн, Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олсон байна. Тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний шим судлалын танин мэдэхүйн үйлст бодитой хувь нэмэр оруулсан гэдгийг ШУА-иас онцолжээ. Сүүлийн үед палеонтлогийн олдворт газрыг дурын хүн очиж сүйтгэн, олдворыг нь ухаж авах, газар дээр нь эвдэж хэмхэрдэг болсон энэ үед Соёлын өвийг хадгалж хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг С.Батаа гуай батлан харуулсан байна.