Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Барилга худалдан авах тухай” А/922 дугаар захирамж гаргажээ. Уг захирамжаар “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд “ГМ” ХХК-ийн хөрөнгөөр баригдсан ус, дулаан дамжуулах төв 9/2-ын тоног төхөөрөмж байрлах дөрвөн давхар барилгыг 700 сая, “Эма энд Би” ХХК-ын хөрөнгөөр баригдсан хоёрдугаар Дөчин мянгатын ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах нэг давхар барилгыг 150 сая, нийт 850 сая төгрөгөөр нийслэлийн өмчид худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэхийг нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна. Харин худалдан авах барилгуудыг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгуулж, комиссын даргаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэл ажиллаж байгаа аж. Худалдан авсан барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нарт үүрэг болгожээ.