МАН-ын Удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн болов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн болж өндөрлөлөө. МАН-аас “Нэг зорилго-Нэг баг” уриан дор бүсчилсэн зөвлөгөөнүүдийг намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх, шуурхай ажиллах, намын гишүүд, дэмжигчид, шат шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн. Үүний хүрээнд тус зөвлөгөөнд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн намын удирдах ажилтнуудын 300 гаруй төлөөлөл оролцсон юм.

Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, МАН-ын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар удирдаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлсэн. Тэрбээр “МАН гэх энэ их айл дотооддоо чиглэсэн ажлыг  хийж, 27 дугаар Их хурлынхаа бодлого, шийдвэр, зорилтыг биелүүллээ. 27 дугаар Их хурлаас хойш ард түмэндээ хүрч, дунд нь орж ажиллая гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд 21 аймгийг хоёр удаа тойрч, намын идэвхтэн сонгуультнууд, иргэд сонгогчидтой уулзлаа. Тухайлбал, зуны хугацаанд 120 гаруй сумдаар орж,  аймаг бүхэнд намын удирдах ажилтны зөвлөгөөн, мөн бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхэлсэн. Нэг нэгэнтэйгээ хаяа дэрлэн орших хөрш аймгуудын тулгамдсан асуудал, аливаад хандах хандлага нэг байдаг. Тиймээс бүсчилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.  Зөвлөгөөнөөр МАН 2016 оны сонгуульд нийгэм, эдийн засгийн ямар чиг баримжаатай оролцох, үүнийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгах, мөн улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг судалж, үүнд МАН-ын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр намын удирдлагууд “Намын үйл ажиллагааны гол цөм болсон анхан шатны байгууллагуудаа дэмжиж ажиллах, бэхжүүлэх, тэдний саналыг сонсч улс эх орон, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлого, хөтөлбөр гаргах нь зөвлөгөөний зорилго” гэдгийг онцоллоо. 

                                                                                                                            Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.