УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигидөр үдээс хойш хуралдав. Ингэхдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай байхаар тус тус баталсан” гэдгийг хэлэв. Мөн энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болгож байгааг онцолсон.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн байнгын хорооны дарга болон салбарын дэд сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэллээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооноос дэмжлэг аваагүй “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүд мөн олонхийн дэмжлэг авч чадаагүй тул хууль санаачлагчид нь буцаалаа.
Үүний дараа нь Засгийн газраас иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөхөөр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр тогтсон юм.
Ц.Гэрэл