Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барив.

Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “Бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлснийг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа аж. Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл найман бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттайгаар боловсруулагдсан аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.