УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Т.Гантулга, удирдах зөвлөлийн гишүүн С.Оюун-Эрдэнэ болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд энэ сарын 25-26-ны өдрүүдэд ажиллалаа. Хамгийн түрүүнд Онгон сумын иргэдтэй уулзахаар аймгийн төвөөс аяны жолоо заллаа. Нутгийн иргэд хотоос ирсэн гишүүдийн яриаг сонсохоор хоёр, гурваараа сумын Спорт цогцолборт цугларч байв. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин парламентаар хэлэлцэж байгаа гол хуулийн төслүүдийн талаар товч мэдээлэл өгсний дараа иргэдээс санал сэтгэгдлийг нь сонссон юм. Орон нутгийнхан ирэх оны төсөв, тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл сайтай байх шиг санагдав. Хуралд ирсэн настнууд эдийн засгийн өсөлт яагаад муудав, инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн хаана байна гэхмэтчилэн гишүүдээс улс орны нийгэм, эдийн засгийн талаар нэлээд хүнд асуултуудыг ар араас нь хөврүүлж байлаа. Иргэдийн олонхи нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдрал хүндэрч байгааг хэлж байв. Онгон сумын иргэн З.Ганбат “Бидний хамгийн их хэрэглэдэг будаа, гурил, элсэн чихэрийн үнэ огцом нэмэгдлээ. 25 килограммын нэг шуудай гурилыг 20 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 26 мянган төгрөг болж өслөө. Будаа 25 килограмм нь 75 мянган төгрөг болсон. Сахарын үнэ бүр талийж өгсөн. Талхны үнэ сар болгонд нэмэгдэж байна. Нэг мэдэхэд тав, зуун төгрөгөөр нэмчихсэн байдаг. Бидний аж амьдрал үнэхээр хүнд байна. Би тэтгэврээр ахуй амьдралаа болгодог хүн. Өнгөрсөн жил миний тэтгэвэр 19 мянган төгрөгөөр нэмэгдэж, 207 мянган төгрөг авдаг болсон. Гишүүдийн ярьж байгааг зурагтаар харахаар ирэх жил олигтой нэмэгдэхгүй юм байна” гэлээ. Сүхбаатар аймгийн аль ч суманд очсон хэд хэдэн нийтлэг асуудал байгааг нутгийн иргэд учирлан хэлж байна.
М.Батхуяг:Аав нь МАН-ын гишүүн бол хүүхдийг нь ажилд авахгүй байна
Орон нутагт улстөржилт газар авчээ. Сумаараа МАН, АН, МАХН болон хуваагдаж, нэгнийгээ үзэхээ байсныг нутгийн настнууд хэлж байна. Тиймээс тэд “Намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоно гэсэн. Юу болж байна” хэмээн дарга нараас сураг тавьж байлаа. Зарим нь МАН-ын гишүүд МАХН-тай нэгдвэл иргэдийн хагарал, зөрчилдөл багасч, сонгуульд ялах магадлал нэмэгдэнэ гэх саналыг гаргаж байсан юм. Ер нь орон нутагт МАН-ыг МАХН-тай эргээд нэгдээсэй гэсэн хүсэлтэй иргэд олон байх шиг санагдав. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс болж нийслэлд сургууль төгссөн дээд мэргэжилтэй залуус ажилд орж чадахгүй байгаа аж. Суманд дээд мэргэжилтэй хүмүүс тийм ч олон биш. Залуус сургуулиа төгсөөд нутагтаа ажиллахаас илүүтэй төв бараадахыг илүүд үздэг байна. Гэтэл ганц, хоёрхон байгаа мэргэжилтэй боловсон хүчнээ аав, ээж нь МАН-ын гишүүн гэх үндэслэлээр хавчин гадуурхаж ажилд авахгүй байгааг хэлэх хүн байлаа. Сүхбаатар аймгийн Наран сумын малчин М.Батхуяг орон нутгийн улстөржилтийн бодит жишээг төлөөлөгчдөд толгой сэгсрэн ярилаа. Тэрбээр МАН-ын гишүүн учраас сүүлийн хэдэн жил бүх боломж хаагдсаныг дуулгалаа. Хотод сургууль төгссөн хоёр хүүхэд нь МАН-ын гишүүн ааваасаа болж ажилд орж чадахгүй байгаа аж. М.Батхуяг гуай сумандаа сайхан амьдрахаар чадлаараа зүтгэж яваа нэгэн. Тиймээс ногоо тарьж хот айлынхаа хүнсний хэрэгцээг өлхөн хангадаг байна. Гэтэл сүүлийн хэдэн жил МАН-ын гишүүн хэмээн алагчилж, төвөөс олгож байгаа зээл тусламжид хамруулахгүй байгааг халаглан ярьж байлаа. Энэмэтчилэн улстөржилтөөс болж нутгийн иргэдийн дунд үл ойлголцол үүсэх нь элбэг байдаг аж. Сүхбаатарын Онгон, Дарьганга суманд өмнө нь МАН-д идэвхи санаачилгатай ажиллаж, Засаг дарга хүртэл хийж явсан хүн үл ойлголцлоос болж намаасаа гарахдаа тулчихсан байсныг нарийн бичгийн дарга Т.Гантулга газар дээр нь уулзаж, асуудлыг эерэгээр шийдвэрлэж, эргүүлэн намд нь оруулахаар болсон нь энэ удаагийн уулзалтын бас нэгэн үр дүн байлаа. Ийнхүү талцал, хуваагдлаас залхсан иргэд орон нутагт ИТХ гэж байх хэрэг байна уу, тухайн орон нутгийнхаа Засаг даргыг ард түмнээсээ сонгодог байвал яасан юм гэх санааг дэвшүүлсэн. Орон нутгийн иргэд УИХ-ын 2016 оны сонгуулиар жагсаалтаас нэр дэвшдэг муу жишгийг халахыг уриалав.
“Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар архи уухаас өөр ажил хийхгүй байна” гэлээ
Сүхбаатар аймгийн гурван суманд ажиллахад сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцсэн иргэдтэй олон таарлаа. Тэд автомат машинд хаан сонголтоо хулхидуулсаар байгаад итгэл алдарч буйгаа нуусангүй. Тиймээс хар машинаар тоолсон саналыг гараар давхар тоолохыг настнууд сануулж байв. Ингэхгүй бол МАН-ын дахиад олон сум, аймагт ялалтаа булаалгана шүү хэмээж байсан юм. Сүхбаатар аймгийн Наран сумын ИТХ-ын сонгуульд өрсөлдсөн МАН-ын нэр дэвшигчийн 170 саналын хуудсыг сонгуулийн хороо хүчингүй болгосон хэрэг ч гарчээ. Үүнийг баримттайгаар нягталж үзэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлж байсан юм. Орон нутаг боловсон хүчний дутагдалд оржээ. Хоосон улстөржихөөс биш мэргэшсэн боловсон хүчиндээ огтхон ч анхаарахгүй байх шиг санагдав. Наран сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар эзэмшсэн мэдлэг боловсрол багатай архи ууж, агсам согтуу тавихаас цаашгүй хүмүүс хэмээн нутгийнхан бухимдаж байлаа. Сонгосон иргэдтэйгээ уулздаггүй, уулзахаараа хурлаа удирдаж чаддаггүй даргатай гэдгээ иргэд ам уралдан ярьж байв. Орон нутагт ах, дүү хамаатан садан сайтай нь дарга болох магадлалтай гэх яриа ч чих дэлссэн. Зарим сумын Засаг дарга нь “Дараагийн дөрвөн жил гарахгүй юм чинь яадаг юм” хэмээн сонгогчид руугаа агсарч байгааг хурлын үеэр хэлж байв.
Сум хөгжүүлэх сангийн мөнгө байгаа онохгүй байна
Ирэх оны төсвийг орон нутагт санхүүгийн эрх мэдэл шилжүүлэхээр заасан. Гэтэл орон нутгийн удирдлагууд сум хөгжүүлэх мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа тайлагнаж чаддаггүй байна. Энэ мөнгөтэй холбоотой гомдол саналыг цөөнгүй иргэн хэлж байв. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гэхэд энэ жил 466 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. уг мөнгөөр хаана, ямар бүтээн байгуулалт хийж байгааг хэлэхэд бэрх хэмээж байсан юм. Орон нутгийн удирдлагууд сум хөгжүүлэх сангийн мөнгийг ах, дүү хамаатан садантайгаа нийлж завшсан, танил талдаа олгосон гэсэн хэл ам тасардаггүй байна. Уулзалт хийсэн газар болгон болж бүтэхгүй зүйл байгааг хэлж байсан ч зөвхөн тойргийнхоо иргэдэд тал засахгүйгээр өөр тойрогт хүрэлцэн ирж, УИХ-ын бодлого шийдвэрийг танилцуулж байгааг сайшааж байсан юм. Наран сумын өндөр настан Б. Буян “Өөр тойргийнх ч гэсэн бидэнд төрийн бодлогын талаар мэдээлэл өгч байгаа нь сайн хэрэг. Улстөрчид сонгогдоод явахаараа эргэж хардаггүй муухай зантай хүмүүс. Жирийн иргэдтэй уулзаж байж, ард түмний амьдрал ямар байгааг мэднэ шүү дээ. Нийслэл хотдоо суугаад байхаар яаж мэдэх билээ” хэмээсэн юм. Ийнхүү иргэдийн санал сэтгэгдлийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тэдний асуултад хариулсан. МАН-ын зүгээс Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй, баялаг бүтээгчдээ хууль хяналтын байгууллагаар дарамталж байгааг зогсоох ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж хамгаалж ажиллана гэдгээ хурлын үеэр хэлж байлаа. Төрийн түшээд очсон газар соёлын төв, намын байраа засмаар байна санхүүжилт шийдэж өгөөч гэх хүсэлтийг ч иргэд тавьж байсан.
Ц.Оюун