Ерөнхий сайдын асуудлаас болж төрийн ажил зогсонги байдалд орлоо

Төсөв мөнгө хэлэлцэх энэ чухал үед төрийн ажил үндсэндээ сул зогсолт хийчихээд байна. Учир нь өнгөрсөн лхагва гарагт таван байнгын хороо хуралдахаар товлосон ч Өргөдлийн байнгын хорооноос бусад нь ажлаа хийсэнгүй.  Эрх баригч намын гишүүдэд төрийн ажлаас илүүтэй Ерөнхий сайд зөөлөн суудалдаа тухлах уу, үгүй юү гэдэг нь чухал бололтой. Энэ өдөр Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн аманд хуралдаж өнжсөн байна. Харин гишүүд байнгын хорооны хуралдаанаа хойшлуулчихаад бүлгийн дарга нарынхаа өрөөнд сэм хуралдсаар бүтэн өдрийг барав. Тэгвэл яг ийм байдал өчигдөр ч давтагдлаа. Уг нь чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхлэх ёстой байлаа. АН-ын бүлгийнхэн хуралдаж байгаа гэх шалтгаанаар үдээс өмнөх чуулганы хуралдааныг хойшлуулж байгааг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Нэгэнт чуулганы хуралдаан болоогүй учраас Хууль зүй, Төсвийн байнгын хорооны хуралдаан ч болсонгүй. Харин АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа маш нууц байдалтайгаар 02.00 цаг хүртэл хийлээ. Бүлгийн хуралдаан болж байгаа танхимын ойролцоо зогссон сэтгүүлчдийг хол байхыг сануулж байсан гэнэ. Энэ удаагийн бүлгийн хуралдаанд АН-ын ажлын хэсгийнхнийг ч оруулаагүй аж.  Танхим дотор ярьсан гол асуудал нь Ерөнхий сайдтай холбоотой байв.  Түүнийг авч үлдэх үү, явуулах уу гэдэгт эрх баригч намын фракциудын дунд ширүүн маргаан болжээ. Тиймээс АН-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг өөрийн саналаараа албан тушаалаасаа  огцорсон нь дээр гэх саналыг гаргасан байна. Гэвч энэ саналыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас эхлээд олон гишүүн хүлээж зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлжээ. Хэрэв Ерөнхий сайд албан тушаалаа сайн дураараа өгвөл “ Муу л бол хойд гэрийн хар овоохой” гэгчээр сөрөг хүчнийхэн АН руу дайрах болно хэмээсэн байна. АН-ын бүлгийн гишүүн бүр энэ асуудалтай холбоотой саналаа илэрхийлсэн аж. Эндээс Ерөнхий  сайдыг АН-ын даргын албан тушаалаас буулгаж, Ерөнхий сайдаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэдэгт олонхи нь санал нэгдсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байсан. Хэрэв энэ хувилбар дэмжигдэх юм бол эрх баригчид Үндэсний зөвлөлдөх хороогоо яаралтай хуралдуулж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа аж. Одоогоор УИХ-ын сонгуульд олонхийн санал авч ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлдэг жишгээр явж байгаа.

Бүлгийн хуралдаан болж байгаа танхимын ойролцоо зогссон сэтгүүлчдийг хол байхыг сануулж байсан гэнэ. Энэ удаагийн бүлгийн хуралдаанд АН-ын ажлын хэсгийнхнийг ч оруулаагүй аж.  Танхим дотор ярьсан гол асуудал нь Ерөнхий сайдтай холбоотой байв.  Түүнийг авч үлдэх үү, явуулах уу гэдэгт эрх баригч намын фракциудын дунд ширүүн маргаан болжээ.

Хэрэв Н.Алтанхуяг намын даргынхаа албан тушаалыг өгвөл оронд нь хэнийг томилох вэ гэдэг асуудал урган гарна. АН-ын гишүүдээс энэ талаар тодруулахад дараагийн намын даргыг нэрлэхэд дэндүү эрт байна гэсэн юм. Учир нь АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Болор “Яг үнэнийг хэлэхэд Ерөнхий сайдыг асуудалд нэг шийдэлд хүрч чадаагүй.  Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хоорондоо мэдээлэл солилцлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэх байсан учраас завсарлаад эргэж хуралдахаар болсон. Бүлгийн гишүүд цугларах гэсээр байтал 11.00 цаг болсон. Гишүүдээс барьцтай санал огт гарсангүй. Н.Алтанхуяг АН-ын даргаасаа огцорно гэж бараг байхгүй дээ. Миний хувьд ийм эгзэгтэй үед Засгийн газраа унагах ашиггүй гэсэн байр суурьтай байгаа” гэв. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт улс төрийн зөвшилцөлд хүрэх шаардлагатай гэж үзэж буйгаа онцолжээ. Тэрбээр “АН дангаараа биш УИХ-д суудалтай улс төрийн намууд хүсэл зорилгоо нэгтгэн зөвшилцөлд хүрэх ёстой. Надад хэн Ерөнхий сайд байх нь чухал биш.  Н.Алтанхуяг муу хүн биш.  Хөдөлмөрч, үнэхээр зүтгэдэг. Засгийн газрын үйл ажиллагаа Н.Алтанхуягийн сайн, муудаа биш асуудлаас хэрхэн гарах вэ гэдэгтээ л байгаа юм. Сөрөг хүчнийхэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй нь. Бид улс төрийн өргөн зөвшилцөл хийхийн тулд УИХ дахь суудлынхаа хувь хэмжээгээр Засгийн газрыг бүрдүүлнэ гэсэн үг.  Бодлогоо нэгтгэсэн байхад хэн нь хийж хэрэгжүүлэх нь дараагийн асуудал” гэлээ. Энэмэтчилэн Ерөнхий сайдыг огцруулах төслийн эргэн тойронд бүлгийн хуралдаан дээр олон санал гарчээ. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа эргэж хуралдахаар болжээ. Чуулганы хуралдаанд АН-ын гишүүд бараг суусангүй. Учир нь эрх баригч намын фракциуд чуулганы хуралдааны дундуур тус тусдаа дахин хуралдсан байна.  Намын бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар гишүүн бүр өөр өөрийнхөө  үзэл бодлыг хэлж цаг авсан учраас үдээс хойш  фракциараа шийдэлд хүрээд эргэж орохоор болсон ажээ. Цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ажлын хэсгийнхэн хариулж байлаа. Төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд фракцийн хуралдаа суух гээд завгүй байв. Өглөөнөөс хойш хуралдсан учраас Ерөнхий сайд ядарсан уу МАН-ын гишүүдийн асуултыг ойлгохгүй байсан аж. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдад гурван асуулт тавьсан ч Ерөнхий сайд “Санал юм биш үү” хэмээн будилсаар хариулсангүй. Намрын чуулган эхэлснээс хойш Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Ерөнхий сайдыг огцруулах асуудалд улс төрийн намууд маргасаар хамаг цагаа үрж байна. Тиймээс энгийн иргэдээс гадна парламентад суудалгүй намууд ч залхаж буйгаа мэдэгдсэн. Тэдний зүгээс улс төрийн намууд зөвшилцөлд хүрч, өмнөх ажлаа урагшлуулах шаардлагатай байгааг сануулсан билээ. Юутай ч Ерөнхий сайдыг огцруулах уу, авч үлдэх үү гэдгээ шийдсэний дараа төрийн ажил эмх цэгцэнд орох нь тодорхой боллоо. Хэрвээ АН-ын фракциуд үүнд тодорхой шийдэлд хүрч чадахгүй бол төрийн ажил цалгардсан хэвээр байх нь. Дугаар шилжих мөчид АН-ын бүлгийн хуралдаан эхлээгүй байлаа.

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.