Таван саяас дээш төгрөгийн гүйлгээг зарлаагүй бол ажлаас нь хална

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай уулзалт хэлэлцүүлэг Иргэний танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох агентлаг, нийслэл, дүүргийн удирдлага, төрийн бус байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уг хуульд Ерөнхийлөгч анхаарал хандуулж байгаа бөгөөд хууль хэрэгжсэнээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилж, татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний хараа хяналтад орно гэж үзэж байгаа юм. Мөн эдийн засаг, авлигатай холбоотой гэмт хэргийн гаралт буурч нийгэм, хувь хүн, албан тушаалтан, улс орны эрх ашигт нийцсэн амин чухал хууль гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүнээс гадна хуулийн хэрэгжилтээс Монгол Улсын цаашдын ирээдүйн хөгжил дэвшилд олон эерэг зүйл гарна гэсэн итгэлтэй байна. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад Сангийн яам гол үүрэгтэй юм.

Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Шилэн дансны хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр тухайн байгууллагад зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудаст тавина. Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан. Мөн төсвийн ирээдүйн дарамтыг багасгахтай холбоотой заалт орсон. Элдэв бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болох ёстой. Төрийн болон яам, байгууллагын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөрсөн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай” гэдгийг онцолсон юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.