Өнгөрсөн долоо хоногоос эхлэн эрчимтэй яригдаж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуулдал ирэх долоо хоног дамжин яригдах нь тодорхой боллоо. Олонхи асуудлыг ийнхүү удаашруулж байгаад сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, энэ долоо хоногт уг асуудлаас болж хуралдах ёстой байсан байнгын хороодын хуралдаан цуцлагдаж улс орны өмнө тулгамдсан, цаг үеийн амин чухал асуудлууд шийдвэрээ хүлээн хойшилж байгааг МАН-ын гишүүд сануулсан. Гэсэн хэдий ч АН-ын бүлгээс өнгөрсөн өдрүүдэд тодорхой шийдвэр гаргаж чадсангүй. АН-ын бүлгийг ийнхүү хаалттай хуралдах хооронд Ерөнхий сайдыг хэрхэх талаар АН дотроо хэд хэдэн хувилбар гаргасан гэх бор шувуу энд тэндгүй нисэлдэж, жиргээчдийн дунд худал үнэн нь мэдэгдэхгүй цуурхал яригдаж эхэлсэн. Тодруулбал, Нийслэлчүүдийг төрсөн өдрөө тэмдэглэх хойгуур “Их тэнгэр”-т Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар уулзалж Н.Алтанхуягийг намын даргын сэнтийгээс нь буулгахаар тулгасан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бол үүнээс хойшхи хоёр өдрийн дотор мэдээлэл өөрөөр эргэж Н.Алтанхуяг З.Энхболд нар байраа солихоор тохиролцсон гэх шуум гараад эхэллээ. Энэ талаар бүлгийн гишүүд нь одоогоор нэг ч үг цухуйлгаагүй байна. Эхний хувилбарыг авч үзвэл 2007 МАН-ын дарга М.Энхболд С.Баярт эхлээд намын даргаа өгч, дараа нь Ерөнхий сайдаа өгсөн шиг үйлдэл давтагдаж мэдэх юм. Хэрэв АН-ын ҮЗХ хуралдаж Н.Алтанхуяг намын даргын суудлаа өглөө гэхэд хуулиараа Ерөнхий сайд хэвээр үлдэх эрхгүй. Улстөрийн намуудын тухай хуулиар бол сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайд байхаар тов тодорхой заачсан байдаг. Тэгэхээр Н.Алтанхуяг намын даргаа өглөө гэхэд түүний дараагийн хүн намын дарга бас Ерөнхий сайд болно гэсэн үг. Харин хоёр дахь хувилбарын тухайд намын даргын албанд хамгийн сайн тохирох хүнээр АН дотроо нэн тэргүүнд УИХ-ын дарга З.Энхболд яригдаж байгаа. Түүн шиг чимээгүй хэрнээ хатуухан улстөрчийн хувьд тохиролцоонд хүрч намын дарга болбол Ерөнхий сайдын суудлыг өөртөө авах гэж хичээх нь тодорхой. Гэхдээ асуудал өөрөөр ч эргэж болох нэг зүйл харагдаж байгаа нь АН-ын ҮЗХ-д “Алтангадас” фракцийнхан олонхиос гадна өнгөрсөн сонгуулийн үр дүнг Н.Алтанхуягийн гавьяа гэж үзэх улстөрчид ч цөөнгүй бий. Тиймээс Н.Алтанхуягт асуудлыг өөрийн талдаа шийдэх завшаан ч тохиож болохыг үгүйсгэх аргагүй болоод байна.
Ц.Жаргалцэцэг