Эболагаас урьдчилан сэргийлж нисэх буудлыг шалгах үүрэг өгчээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоолын дагуу Улсын Онцгой комисоос эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан албан даалгавар гаргасан. Албан даалгаврын хүрээнд Улсын онцгой комиссоос өчигдөр холбогдох мэргэжлийн байгуулагуудыг оролцуулан салбар хоорондын харилцан хамтын ажиллагааг зохицуулах, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь олон улсын стандартын дагуу явагдаж байгаад хяналт тавих, уг өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт Ухаа боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үүрэг, чиглэл өгсөн байна. Мөн МХЕГ, ЭМЯ, Хилийн мэргэжлийн хяналтын албаны мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулжээ. Хурлаар эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах асуудлыг ярилцаж, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад ажиллаж байгаа албан хаагчдыг хамгаалах хувцас, хэрэгсэл,  халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, нөөц бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангахад хөрөнгө шаардлагатай байгааг Улсын онцгой комисст уламжилсан байна. Энэ хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссоос Засгийн газрын 346 дугаар тогтоолд заасны дагуу шаардагдах хөрөнгийг зарцуулах шийдвэрийг гаргасан байна. 

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.