Татварын ерөнхий газрын албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Татварын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар хүсэлт хүргүүлжээ. Тодруулбал, Оюутолгойн татварын 130 сая ам.долларын өрийг дахин шалгаж үзээд 30 сая ам.долларын төлбөрийн акт гаргасан асуудалд буруутгаж Татварын ерөнхий газрын дарга Н.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат, Батцэцэг зэрэг холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өнгөрөгч пүрэв гаригт албан бичиг хүргүүлсэн байна. Оюутолгойн татварт маргаан гарсан учраас УИХ-аас ажлын хэсэг гарч анхны хуралдаанаа өнгөрөгч лхагва гаригт хийсэн. Ийнхүү Оюутолгойн орд монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх их нөөцтэй гэхээс өөр тодорхой мэдээлэлгүй байсан ард түмэнд ойрын өдрүүдэд сонин содон мэдээлэл дуулдах боллоо. Өөрөөр хэлбэл, бид Оюутолгойгоос ойрын 70 жилдээ ашиг орлого олж харахааргүй болсон гэх. Цаашлаад Оюутолгой биднийг биш далайн цаадах их гүрнийхнийг тэжээж тэтгэх, аж амьдралыг нь сайжруулах талаар ч яригдаж байна. Ийм яриа гарах, цаашид даамжран УИХ-ын төвшинд яригдах болсон шалтгаан нь Оюутолгойн татвартай холбоотой. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Тургиз Хилл Ресурс” компани манай улсын Татварын ерөнхий газраас тогтоосон 130 сая ам.долларын өрийг хүлээн зөвшөөрөхгүй маргаан дэгдээгээд байсан юм. Дээрх татварын өрийн актыг өнгөрөгч зургадугаар сард гаргасан боловч түүнээс хойш энэ талаарх мэдээллийг хав дарсаар саяхан Татварын ерөнхий газраас “Оюутолгойн шинээр гаргаж танилцуулсан баримтуудыг нягтлаад тус компанийн татварын өрийг 30 сая ам.доллар болгож шийдвэрлэсэн” тухай дуулгаснаар хэрэг мандсан. Оюутолгойн татварын 100 сая орчим ам. долларын өрийг хүчингүй болгосон шийдвэрийг хянаж шалгахаар УИХ-ын гишүүд ч хөдөлгөөнд орсон юм. Ингэснээр өр төлбөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан “Туркиз Хилл Ресурс” компани гэнэт 115 сая ам.долларын татварыг хүлээн зөвшөөрч манай улсад төлөхөөр боллоо. Өмнө нь тус компани уг өрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж маргаан таслах зөвлөлд хандахад олон нийт дургүйцэж эхэлсэн. Тухайлбал, УИХ-д суудалтай бие даагч гишүүд "Оюутолгой Монголд 70 жил татвар төлөхгүй нь” гэж мэдэгдсэн. Зарим эх сурвалжууд “Далд уурхайн хөрөнгө оруулалтыг хурдасгахын тулд татварын өрийг хөнгөлж байна” гэх нь ч бий. Ямартай ч эдийн засаг хямралтай энэ цаг үед Оюутолгойгоос 115 сая ам.долларын орлого орж ирнэ гэдэг таатай мэдээ. Татварын ерөнхий газраас гаргасан төлбөрийн актаас харахад дээрх өрийг аравдугаар сарын 19-нд төлж дуусах ёстой аж. Ийнхүү цаг нь тулсан Оюутолгойн татварын асуудлаар шаргал ордонд сэм сэмхэн хуралдаан өрнөж, байдал нэлээд хурцдах шинжтэй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар эл асуудалд нэлээд няхуур хандаж, асуудлын гол буруутныг тогтооно гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй. Гишүүд татварын маргаантай асуудлын талаарх анхны хэлэлцүүлэгт Татварын ерөнхий газар, Сангийн яамны мэргэжилтнүүдийг байлцуулсан. Ингэхдээ Оюутолгойн 130 сая ам.долларыг 100 саяар бууруулж 30 сая ам.доллар болгосон татварын байцаагчийн актыг гишүүд үзүүлэхийг шаардсан. Гэтэл Оюутолгойн татварын акт улсын нууцад хамааралтай гэх үндэслэлээр УИХ-ын гишүүдэд үзүүлэхээс татгалзсан. Уг нь Оюутолгойн 34 нь хувь нь ард түмний өмч гэсэн гэрээтэй. Цаашлаад тэдний хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй Татварын ерөнхий газрын дарга Н.Батмагнай уг хуралдаанд оролцоогүй юм. Мөн энэ үеэр чухал баримтуудыг дэлгэнэ гэдгийг гишүүд мэдэгдсэн хэдий ч Уул уурхайн сайд Д.Ганхуяг ярилцах зүйл байгаа учраас түр хүлээх талаар хүсэлт гаргасан учраас энэ удаад түр азнах болсноо дуулгаж байсан юм. Ийнхүү Оюутолгойд хөрөнгө оруулагч компанийн зүгээс 115 сая ам.долларын татварын өрийг барагдуулахаа мэдэгдсэн хэдий ч Татварын ерөнхий газрын байцаагчдын акт яагаад гэнэт 100 сая ам.доллараар өсч, буураад байгаагийн учрыг олохоор ард түмнээ төлөөлөн УИХ-ын бие даагч гишүүд ханцуй шамлаж эхэллээ. Тухайлбал, энэ сарын 22-нд буюу өнөөдөр Төрийн ордонд Оюутолгойн татварын асуудлаар холбогдох байгууллагын төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа зохион байгуулахаар болсон байна. Энэ удаад Уул уурхайн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газрын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох болно гэдгийг онцолсон юм.
Одоо Оюутолгойн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь 130 сая ам.долларын татвар яагаад 30 сая ам.доллар болсныг татварын байцаагчид тайлагнах явдал юм. Энэ асуудал олны анхааралд байна. Үүнийг хэрхэн тайлагнах бол. Зүгээр нэг албан байгууллагын татварын акт биш шүү дээ. Монголчуудыг сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй цаашлаад бусдын гар харуулахгүй тэжээж тэтгэх төсөл шүү дээ. Эндээс харахад Татварын ерөнхий газар хэрхэн ажилладаг болохыг харж болохоор байна. Яагаад өөрсдийн гаргасан татварын актаа гэнэт 100 сая ам.доллараар бууруулж 30 сая ам.доллар болгов. Татвар дор Төр оршдог гэхээр татварын байгууллага хамгийн хариуцлагатай газар байх ёстой. Гэтэл Татварын ерөнхий газар гэх хөл толгой нь мэдэгдэхгүй энэ газар ямар байдлаар ажил үүргээ гүйцэтгээд байна вэ. Хамгийн ойрын эх сурвалжаар тус газрын дарга Н.Батмагнай гэх хүн өөрийн найз нөхөд, бизнесийн түншүүдтэйгээ энэ газрыг удирдах болсон гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, төр төрлийн алба болсон гэдэг бол Татварын ерөнхий газар найз нөхдийн түншлэлийн газар болж хувирсан гэлцдэг. Тэгэхээр өнөөдөр энэ газрыг толгойлж ажиллаж байгаагийн хувьд Н.Батмагнай даргаас 100 сая ам.долларын татварыг яагаад бууруулав гэдгийг асуухаас өөр гарцгүй. Үнэхээр тухайн байгууллагын байцаагч буруу акт гаргав уу. Эсвэл хэн нэгний хүчинд автаж ийм шийдвэр гаргав уу. Энэ зангилааг гаргахгүй бол Татварынхан ямар хариуцлагагүй ажилладаг болохоо тэр дундаа ард түмнийхээ үүц рүү бусадтай нийлж гар дүрсэн хэрэг болно.
Оюутолгойн 130 сая ам.долларыг 100 саяар бууруулж 30 сая ам.доллар болгосон татварын байцаагчийн актыг гишүүд үзүүлэхийг шаардсан. Гэтэл Оюутолгойн татварын акт улсын нууцад хамааралтай гэх үндэслэлээр УИХ-ын гишүүдэд үзүүлэхээс татгалзсан. Уг нь Оюутолгойн 34 нь хувь нь ард түмний өмч гэсэн гэрээтэй. Цаашлаад тэдний хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй Татварын ерөнхий газрын дарга Н.Батмагнай уг хуралдаанд оролцоогүй
Харин Оюутолгойн татварын маргааны талаар Татварын ерөнхий газрын дарга Н.Батмагнайгаас тодруулахад “Оюутолгой ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрсөн гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаарх мэдээллийг манайхаас үзүүлэхийг шаардсан. Тухайлбал, Маргаан таслах хурлын тогтоолын шийдвэр, татварын улсын байцаагчийн актыг үзүүлэхийг шаардсан. Гишүүнд манайхаас Маргаан таслах шийдвэрийн мэдээллийг хүргүүлсэн. Харин С.Ганбаатар гишүүний хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой. Өнөөдрийн байдлаар намайг АТГ-аас дуудаж байцаалт аваагүй байна. АТГ-т өгсөн эсэхийг С.Ганбаатар гишүүнээс асуу” гэсэн юм. Түүний хэлсэнчлэн үнэн мөнийг хянаж шалгуулахаар АТГ-т бие даагч УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж хүсэлт гаргаснаа хэлсэн. Одоо АТГ-т найдахаас өөр гарцгүй. Үнэндээ өнөөдөр Оюутолгойн мэдээлэл ил тод байж чадахгүй байна. Энэ орд газрын эзэн болох монголчууд “34 хувь нь бидний мэдлийнх” гэхээс өөр нарийн мэдээлэлгүй “Хэзээ үр шимийг нь хүртэх бол” гэсэн горьдлоготой л сууна. Тэгвэл " Туркиз Хилл” компанийн сайтад гарсан мэдээллээр энэ оны есдүгээр сарын байдлаар 124 мянган тонн зэс борлуулж 821 сая 40 мянга, 8.6 тонн алт борлуулж 390 сая 544 мянга, 20 тонн мөнгө борлуулж 12 сая 868 мянга нийтдээ нэг тэрбум 224 сая, 452 мянган ам. долларын борлуулалт хийсэн мэдээлэл байна. Гэтэл манай улсад төлөх ёстой татварын 130 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй хэл ам хийж 30 сая болгох шийдвэр гаргуулж байгаа нь хэний буруу вэ. Ард түмнээ алхам тутамд нь татвараар далайлгадаг Татварын ерөнхий газрын буруу юу. Эсвэл Төрийг оршин тогтнуулахын тулд Татварын ерөнхий газар бусдын харцаар хөдөлж, гадныхны гар хөл болж ажиллаад байна уу. Оюутолгойн гэрээг хийх үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өнөөдөр УИХ-ын гишүүний дархан эрхийн хүрээнд ямар ч гэм зэмгүй хүн шиг ёс зүй яриад сууж байна. Энэ яавч шударга бус үйлдэл. Угтаа гадны хөрөнгө оруулалт бидний амьдралд нэмэр тусаа өгөхгүй байна шүү дээ. Энэ төслүүд иргэдэд ажлын байр, хүүхдүүдэд цэцэрлэг, сургууль, ахмадуудад тэтгэвэр, багш, эмч нарт цалингийн нэмэгдэл болж байгаа бол иргэд ийн бухимдахгүй байсан болов уу.
Б.Цэцэгдэлгэр